BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Sunday, August 23, 2009

Долоон лац

Энэхүү мэдээлэл нь түрүүчийн миний бичсэн Төгсгөлийн үеийн шинж тэмдгүүдтэй маш холбоотой бөгөөд хэрэв та Төгсгөлийн үеийн шинж тэмдгүүдийн тухай мэдэж байвал энэхүү сэдвийг ойлгоход маш амар байх болно гэдгийг хэлмээр байна. Төгсгөлийн үеийн тухай миний бичиж буй зорилго нь Ямар нэг үзэл баримтлалыг баримтлахыг зорьсонгүй харин библийн эрдэмтдийн нийтлэг үзэл бодол, тайлбаруудыг нэгтгэн харуулахыг хүссэн билээ.
Төгсгөлийн үеийн энэхүү мэдээллүүд хоорондоо уялдаа холбоотой бие биенээсээ урган гарсан байдаг учраас эхнээс нь дуустал нь бүх мэдээллүүдийг ойлгож уншихыг хүсье.
Долоон лац
Долоон лац бол төгсгөлийн үеийн шинж тэмдгүүдийн нэг бөгөөд бэлэг тэмдгийн, сүнслэг шинж чанартай Илчлэлт номонд дурдагдсан байдаг. Тамгууд гэж нэрлэгддэг Илчлэлт номын 6-р бүлгээс эхлэе.
Нэг дэх лац
Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв. Илчлэлт 6:2
Иоханы харсан энэ илчлэлт ямар шинж чанартай болохыг харцгаая.
Цагаан морь. Үүнийг зарим хүмүүс Төгсгөлийн үед 3,5 жил дэлхийг айдсаар удирдах дэлхийн удирдагч Антихрист гэж ойлгодог. Учир нь Есүс Армагеддон дахь тулааны үеэр цагаан морь хөлөглөн ирнэ гэж хэлсэн байдаг. Түүнчлэн Антихрист өөрийгөө удаан хүлээсэн Мессиа гэж үндэстнүүдэд итгүүлэхийг оролдох болно.
Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, цагаан зүсмийн морь болон түүнийг унаж яваа Нэгэн нь "Итгэмжит бөгөөд Үнэн" гэгддэг. Тэр зөвт байдал дотор шүүдэг, дайтдаг. Илчлэлт 19:11
Зарим хүмүүс цагаан морь нь Даниелын номонд өгүүлэгдсэн энх тайвны худал гэрээг бэлэгддэг бөгөөд бүх дэлхийг эзлэх гэсэн Антихристийн оролдлого ЭНХ ТАЙВАНЫ нэрэн дор хийгдэнэ гэж үздэг.
Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв. Даниел 9:27
Яагаад гэвэл Иоханы харсан цагаан морь нь энх тайвныг бэлэгддэг боловч морь унаж буй хүн нум барьсан байгаа нь дайнаар ЭНХ ТАЙВНЫГ тогтооно гэсэн утгатай болж байгаа юм. Энэ нь энх тайвны худал гэрээг илэрхийлж байгаа юм.
Нум. Энэ зэвсэг нь дайн эсвэл хамгаалалтын утга санааг илэрхийлдэг. Гэвч хамгаалалт байсан бол бамбай байх ёстой байсан гэвч энэ тайлбарыг нээлттэй орхъё.
Титэм. Түүнд титэм өгөгдсөн байгааг хар. Энэ нь гарцаагүй ямар нэг улс орны эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн захирагч гэдгийг харуулдаг. Тиймээс энэ нь ямар нэг улс үндэстний эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн удирдагч байна гэдгийг илэрхийлдэг.
Ялахын тулд ялсаар. Энэ удирдагч бусад улс үндэстнийг бас удирдан захирна гэдгийг хэлдэг.
Тэгэхлээр бүх Бичээс, бэлэг тэмдэг, зөгнөлүүдийг нэгтгэхийн бол ... нэг дэх лац нь өөрийгөө шударга үнэн мэт харуулж, өөрийн зорилгоо Энх тайвнаар нуун далдалсан улс орнуудыг удирдан захирагч, сонгогдсон удирдагчийг (Антихрист) илэрхийлж байна.
Нэг дэх лац дээр өгдөг библийн эрдэмтдийн бас нэг тайлбар бол Дэлхийг нэгтгэсэн Дэлхийн нэгдмэл шинэ систем буюу бүх шашин, улс орнуудыг нэгтгэсэн Дэлхийн нэгтгэсэн засгийн газрын тухай илэрхийлдэг гэж үздэг. Антихрист аажмаар бүх дэлхийг Нэгтгэсэн нэг засгийн газрын дор удирдаж, өөрийн зорилгоо хэрэгжүүлэх болно.
Лацнуудын талаарх эдгээр илчлэлт төгсгөлийн үеийн тухай өгүүлсэн Матай номын 24-р бүлэг буюу Есүсийн Олив модтой ууланд айлдсан сургаалтай таардаг нь маш гайхалтай санагддаг. Энэ сургаалийн эхний хэсэгт худал Христийн тухай хэлсэн байдаг.
Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. Матай 24:5
Хоёр дахь лац
Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв. Илчлэлт 6:4
Улаан морь нь илэрхий дайныг илэрхийлсэн бэлэг тэмдэг юм. Зарим нь үүнийг дэлхийн 3-р дайн гэж үздэг. Эсвэл олныг хамарсан анархи үзэл, танхай залуусын бүлэг, хулгайчид, алан хядагч нарын үйл ажиллагаа гэж үздэг. Ямар ч байсан өнөө үед бид дайн тулааны тухай мэдээ өдөр бүр сонсох болсон.
Хоёр дахь лац нь Олива модтой ууланд айлдсан Төгсгөлийн үеийн тухай Есүсийн сургаалийн 2 дахь шинж тэмдэгтэй яв цав тохирч байгаа юм.
Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Матай 24:6
Гурав дахь лац
Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд, гурав дахь амьтан нь
— Ирэгтүн гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв.
— Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дуут би сонсов. Илчлэлт 6:5,6
Хар морь унасан энэ элч гартаа хос дэнс барьсан байна. Хос дэнс бол эртний үед хэрэглэгдэж байсан жин хэмжүүр юм. "Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно" гэсэн хэллэг нь буудай болон үр тариа, бусад хоол хүнс маш үнэтэй болохыг илэрхийлдэг. Энэ нь магадгүй үр тарианы ховордол юм уу эсвэл дэлхийг хамарсан эдийн засгийн хямралтай холбоотой байж болно. Иоханы үед нэг өдрийн хөдөлмөрийн хөлс нэг денар байсан. Тэгэхлээр энэ нь нэг хэмжүүр буудай нэг өдрийн ажлын хөлстэй тэнцэнэ гэдгийг хэлж байгаа байж болно. Хоёрдугаарт, "Тос болон дарсыг бүү сүйтгэ" гэсэн хэллэг нь гамшигт усан үзэм болон жимсний төрлийн идээ, ундаанууд, мөн тос, магадгүй оливийн тоснууд өртөхгүй гэсэн утгатай байж болох юм. Тэгэхлээр энэхүү гамшиг нь бүх хоол хүнс биш зөвхөн тодорхой хэсэг хоол хүнсний хомсдлын тухай өгүүлж байгаа бол ган, зуд, үер, өвчин тахал гэх мэт гамшигт үзэгдлийн улмаас ийм зүйлүүд болно гэдгийг хэлж байна. Хар өнгө бол уй гашуу, муу ёрын өнгө бөгөөд гарцаагүй дэлхийг хамарсан өлсгөлөнгөөс болж хүмүүс үхэх болно гэдгийг хэлж байна.
Тэгэхлээр энэ нь бас л Есүсийн Олива модтой уулан дээр хэлсэн сургаалийн, төгсгөлийн үеийн 3 дахь шинж тэмдэг болох өлсгөлөнгийн талаарх зөгнөлтэй тохирч байгаа юм.
Дөрөв дэх лац
Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд
— Ирэгтүн гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов. Харагтун, би цайвар ногоон морь харлаа. Түүний унасан нэгний нэрийг "Үхэл" гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөлгөхийн тулд дэлхийн дөрөвний нэгийг захирах эрх мэдэл тэдэнд өгөгдсөн байв. Илчлэлт 6:8
Цайвар ногоон морь дөрөв дэх лацыг бэлгэдэж байна. Грек хэлэнд цайвар ногоон өнгө муудаж өмхөрсөн хүний цогцос шиг гэсэн утга санааг илэрхийлдэг. Энэ бол үхлийг бэлгэдсэн өнгийн морь гэдэг нь илэрхий байна. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь дайн, өлсгөлөн болон өлсгөлөнгөөс болж учрах өвчин тахал, өлөн зэрлэг араатнуудаас болж үхнэ. Энэ нь бас л Есүсийн Олива модтой ууланд айлдсан сургаалийн дараачийн шинж тэмдэгтэй тохирч байна .
Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Матай 24:7
Тав дахь лац
Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг болон өөрсдийн сахьсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сэтгэлүүдийг тахилын ширээн доор байхыг би харав. Тэд чанга дуутаар
— Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа. Тэдэнд тус бүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчэд болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл дахиж түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ. Илчлэлт 6:9-11
Энд Есүсийн гэрчлэлийг сахигч хүмүүс энэ үед Есүсийн төлөө хавчигдан алуулах болно гэдгийг хэлж байна. Энэ нь бас л Олива модтой ууланд хэлсэн Есүсийн сургаалийн төгсгөлийн үеийн дараачийн бас нэг шинж тэмдэгтэй тохирч байна.
Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ. Матай 24:9-14
Зургаа дахь лац
Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов. Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж, хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа. Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуутдацгааж, уулс ба хадан цохионуудад хандан
— Бидний дээр унаж, биднийг сэнтийнд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач. Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв. Илчлэлт 6:12-17
Энэ бол Агуу гамшгийн тухай зөгнөж хэлсэн төгсгөлийн үеийн шинж тэмдэг болох Матай 24:15-29-тэй тохирдог.
Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), Иудейд байгсад нь уул уруу зугтааг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Хэрэв хэн нэгэн та нарт "Харагтун, Христ энд байна", эсвэл "Тэнд" гэвэл түүнд бүү итгэ. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. Тиймээс хэрэв тэд та нарт "Хараач, Тэр цөлд байна" гэвэл бүү оч, эсвэл "Хараач, Тэр дотоод өрөөнд байна" гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. Хүүр байгаа газар тас шувууд цуглардаг. Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
Одоо бүгдээрээ энэ бүгдийг нэгтгэн дүгнэхийг хичээе. Өөрийн үнэн зорилгыг энх тайвны маскаар халхалсан нэгэн удирдагч бий болж, хүч чадал нь улам өсөн нэмэгдэх болно. Эцэст нь хүн төрөлхтний дөрөвний нэгийг устгах дайн, өлсгөлөн, өвчин тахал гарч, үүнээс болж Христэд итгэгчид хавчигдан алагдсны дараа Агуу гамшиг болно.
Есүс төгсгөлийн үеийн тухай Матай 24-р бүлэг дээр хэлсэн зүйлс болон Илчлэлт 6-р бүлэг хоёр хоорондоо яв цав тохирч байгааг бид бүхэн харж байна. Түүнчлэн Матайн ном Марк болон Лук номтой давхцдаг. Тэгвэл дараах таблицаас тэдгээрийн хоорондох зүй зохицлыг харна уу (хэрэв тод харагдахгүй байвал зурган дээр очиж дараад томруулж харна уу).

Saturday, August 22, 2009

Төгсгөлийн үеийн шинж тэмдгүүд

Бидний олонх нь өнөөдөр энэ дэлхий дээр болж буй үйл явдлуудын тухай анхаарал тавин чагнаж байдаг. Ялангуяа Дундад Азид болж буй үйл явдлууд Израиль улстай холбоотой дайн, тэмцэл тулаанууд... террорист халдлагууд.... шинээр гарч буй өвчнүүд... зэрлэг балмад явдлууд... цаг агаарын өөрчлөлт... өсөн нэмэгдсээр байгаа байгалийн гамшигт үзэгдлүүд жишээ нь, хүчтэй тайфун салхи бүхэл бүтэн нэгэн хэсэг газар, муж хэсгийг хамарч байна, Америкийн далайн эргийн орнууд болон бусад улс орнууд ихээр өртөж байна... Түүнчлэн гэр бүл салалтын тоо урьд өмнө байгаагүй хэмжээгээр өсч байгаа нь хүмүүсийн хоорондох хайр хэрхэн хөрөхийг (Матай 24:12) урьдчилан хэлж байсан Есүсийн үг биелэж байгааг харуулж буй төгсгөлийн үеийн шинж тэмдэг биш гэж үү.
Библи дээр биднийг сэрэмжлүүлсэн төгсгөлийн үеийн тухай тодорхой хэлсэн байдаг. Биднийг тэр үед бэлтгэгдэж, сэрэмжтэй байхыг анхааруулсан байдаг, учир нь гэрлийн хүүхдүүд бидэнд төгсгөлийн үе хулгайч мэт ирэхгүйн тулд юм.
Тэгвэл Төгсгөлийн үед ямар үйл явдлууд болох вэ? Библийн олон ном төгсгөлийн үеийн тухай урьдчилан хэлдэг, тэдгээрээс 3 ном энэ үйл явдлын тухай нэгтгэн дүгнэж хэлсэн байдаг. Эдгээр нь Илчлэлт, Матай, Даниел номууд юм. Марк, Лукийн номууд ч бас энэ тухай өгүүлсэн байдаг.
Бүгдээрээ Матай 24-р бүлгээс эхэлье. Элч нар яг бидний асууж буй асуултыг Есүсээс асуудаг. Матай 24:3 ишлэлд төгсгөлийн үед ямар шинж тэмдэг үзэгдэх вэ гэдэг. Есүс хариуд нь 4 ишлэлээс эхлэн:
Худал Христүүд
Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. Матай 24:5
Энэ нь олон хүн өөрсдийгөө Христ гэж тунхаглаж, гарч ирнэ гэсэн үг юм. Бидний амьдарч буй өнөө үед олон худал эш үзүүлэгч, худал христүүд байна. Олон хүн тэднийг даган өөрсдийнхөө амьдралыг золиослон байж зориулдаг боловч эцэс сүүлд нь тэд библи дэх жинхэнэ христчид биш гэдгийг мэдэхэд харамсалтай байдаг. Ийм байдал олон гэр бүлийг салгаж бутаргаж, жинхэнэ Бурханы Үгийг хуваалцахаар ирсэн тэдгээр хүмүүст итгэхээс айдаг болгодог. Тэгвэл өөрсдийгөө Христ мөн гэж хэлж байгаа тэдгээр хүмүүсийг бид ЖИНХЭНЭ христчид гэдгийг нь яаж мэдэх вэ?
Есүс бидэнд хариултыг өгсөн байдаг. Тэр дахин энэ дэлхий дээр ирэхгүй бөгөөд ямар нэг нууц бүлэг, гаж бүлэг урсгал хүмүүсийн дотор ирэхгүй. Тэр тэнгэрээс бууж ирэх бөгөөд БҮХ хүн түүнийг харах болно.
Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв. Үйлс 1:11
Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овгууд Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен. Илчлэлт 1:7
Есүс цааш нь бас нэг шинж тэмдгийн тухай анхааруулсан...
Дайн ба дайн дажны тухай сураг чимээ
Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Матай 24:6
Энэ нь дайн, тэмцэл, тулаан бөгөөд дайны тухай яриа үргэлж яригдах болно гэсэн үг юм. Та эргэн тойрноо хараад үз, өнөөдөр бидний эргэн тойронд дайн, тулаан болон дайны аюул, гамшгийн тухай үргэлж яригдаж байна.
Өнгөрсөн үед бид олныг хамарсан хоёр, гурван томоохон дайны тухай сонсож байсан харин одоо газар сайгүй, өдөр бүр дайн тулааны тухай сонсож байна. Тэмцэл тулаанууд энд тэндгүй гарч байна, бид тэдний талаарх мэдээнд одоо цочрохоо болиод байх шиг байна.
Гэвч эдгээр нь Төгсгөлийн үеийн тухай бидэнд сануулсан Есүсийн хэлсэн үгс биелэж байгааг харуулж байна.
Есүс цааш нь бас нэг шинж тэмдгийн тухай хэлсэн...
Өлсгөлөн
Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Матай 24:7
Энэ нь өнөөдрийн бидний телевизээр хардаг Африкийн өлсгөлөн хүүхдүүд, гудамжинд орон гэргүй хонож буй тэнэмэл хүмүүсийн тухай хэлээгүй гэж үү.
Есүс цааш нь ...
Тахал
Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод тахал (Энэ үг Библийн монгол орчуулган дээр байдаггүй боловч англи орчуулган дээр байдаг), газар хөдлөлт болно. Матай 24:7
Тахал бол өвчин юм. Бид өнөө үед үхрийн шүлхий өвчнөөс авахуулаад SARS, ДОХ зэрэг үл мэдэгдэх өвчнүүдээр өвчилсөөр байна. Одоогоор шинээр Н591 тахианы ханиад, гахайны ханиад гарч байна. Өдөр бүр ДОХ-ын өвчин газар авсаар байна. Өөр олон олон өвчнүүдийг энд дурдалтгүй буйзаа. Мөн террористуудын хэрэглэж буй химийн зэвсгийн аюулууд гэх мэт...
Газар хөдлөлт
Есүс газар хөдлөлтийн тухай юу гэж хэлсэн бэ? Өнөөдөр түүний урьдчилан хэлсэн газар хөдлөлтийн тохиолдлууд урьд өмнөхөөс илүү их болсон нь төгсгөлийн үеийн шинж тэмдэг биш гэж үү.
Дараа нь Есүс ...
Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм. Матай 24:8
Энэ бүгд зөвхөн аймшигт төгсгөлийн эхлэл гэж хэлсэн.
Дараа нь Есүс бас нэг шинж тэмдгийн тухай хэлсэн.
Христэд итгэгчид алагдах тухай
Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ. Матай 24:9-14
Христэд итгэгч олон хүн итгэлээсээ болж алагдах болно...
Есүс хүмүүсийн хоорондох хайр хөрөх тухай Төгсгөлийн үеийн бас нэг шинж тэмдгийг хэлсэн. Хосууд “Сайн уу” гэж мэндлэхээс авахуулаад амлалт өгөх хүртлээ юу тохиолдохыг мэддэггүй. Олон хүн буруу шалтгаанаар гэрлэдэг. Дараа нь олон сарын дараа, зовлон шаналал, хэрүүл, үзэн ядалтаар дүүрэн олон жилийн дараа хийхээс ч өөр аргагүй болдог нэг зүйлийг хийдэг. Тэд салдаг... Гэр бүлийн салалт хүүхдүүдийг уур хилэн, өвдөлт, төөрөгдөл дунд орхидог. Хүүхдүүд энэ үед буруу сонголт хийж эхэлдэг бөгөөд зарим нь бүр хүчирхийлэгч болон хувирдаг. Хүүхдүүд иймэрхүү жишээгээр амьдралд сургагдаж, хүмүүжигдэхдээ дуулгаваргүй, зөрүүд өөрсдийн дараачийн үр удмыг бэлддэг. Энэ нь Төгсгөлийн үеийн шинж тэмдэг биш гэж үү.
Урвалт, үзэн ядалт захирах болно
Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв. Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй. 2Тимот 3:1-7
Ийм байдал хагаралд хүргэж, гэр бүлийн гишүүдийн дунд ч хагарал бий болгож, Есүст итгэдэг ах дүүгээ үзэн ядаж, барьж өгч, алуулна. Гэвч итгэл дотроо бат үлдсэн нэг нь аврагдах болно.
Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Матай 24:13
Есүс дараа нь ...
Агуу гамшиг
Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), Иудейд байгсад нь уул уруу зугтааг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Матай 24:15-22
Есүс хэлэхдээ хоосролын бузар юм Израйльд тавигдахыг харвал тэр нь “ТӨГСГӨЛИЙН ЦАГ ҮЕ” гарцаагүй ирснийг илтгэнэ гэж хэлсэн. Хоосролын бузар юм гэдэг нь Даниел номонд зөгнөгдсөн Иерусалимын ариун сүм бузарлагдах үе юм.
Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ. Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв. Даниел 9:26-27
Есүс бидэнд Даниелын ном дахь зөгнөлийг сануулсан. Тийм учраас ... бид Израйль улсыг болон энэ хоосролын бузар юмыг ... үргэлж ажиглан харж байх хэрэгтэй. Түүнчлэн Библид хэрэв Израйль улс арми, дайчдаар хүрээлэгдэхийн бол энэ нь “ТӨГСГӨЛИЙН ЦАГ ҮЕ” мөн гэж хэлсэн.
Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Лук 21:20
Тиймээс тэр үед дэлхий дээр хамгийн аймшигтай гамшгийн үе ирэх болно.
Есүс цааш нь үргэлжлүүлэн ...
Хэрэв хэн нэгэн та нарт "Харагтун, Христ энд байна", эсвэл "Тэнд" гэвэл түүнд бүү итгэ. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. Тиймээс хэрэв тэд та нарт "Хараач, Тэр цөлд байна" гэвэл бүү оч, эсвэл "Хараач, Тэр дотоод өрөөнд байна" гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. Хүүр байгаа газар тас шувууд цуглардаг. Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Матай 24:23-29
Хэрэв бид ийм цаг үеийг харвал сэрэмжлэх хэрэгтэй.
Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
Матай 24:29
Үргэлжлэл бий...