Ричард Баруун Африкийн Гана улсад амьдардаг байлаа. Тэр 1970-аад оны үед Хо хотын нэгэн сургуульд сурч байхдаа сургууль дээр нь болдог Бичээсийн нийгэмлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан итгэгч болжээ. Хар домын зан үйл хийдэг байсан түүний аав түүнийг Христчин болсныг мэдэнгүүт түүний сургуулийн төлбөрийг төлөхөөс татгалзав, учир нь хүү нь нэгэнт түүний шүтээнд үйлчлэхгүй гэж шийдсэн учраас цаашид түүнийг санхүүгээр хангахаас татгалзжээ. Хүү сургуулиа орхихоос өөр зам байсангүй.
Гэвч Эзэний ивээлээр түүний зарим Христчин найз нөхөд нь түүний сургуулийн төлбөрийг төлөхөөр болсон учраас хүү 5-р анги хүртлээ сургуульд сурав.
Дараа нь тэр маш хүнд өвдөв. Түүнийг Хо хотын улсын эмнэлэгт хэвтүүлсний дараа найз нөхөд нь түүнийг эргэхээр ирдэг байв. Нэгэн удаа найзууд нь түүн дээр иртэл сувилагч тэднийг оруулахаас татгалзав. Түүний орыг тойруулан ногоон хөшиг татсан байв. Энэ нь өвчтөн нэг бол усанд орж байгаа эсвэл үхсний дохио байдаг байв. Найзууд нь сувилагчаас нилээд гуйсны эцэст зөвхөн 2 нь түүн дээр орох зөвшөөрөл авав. Хоёр найз Ричардын орон дээр очиход түүнийг үхсэн байгааг хараад гашуудалд автав. Тэгээд ямар ч эргэлзэх тээнэгэлзэх зүйлгүйгээр түүний төлөө залбирч эхлэв. Хэрэв Ричард одоо үхэх нь таны хүсэл бол та хүслээ биелүүлэгтүн гэж Бурханаас залбирав.
Хэдэн минутын дараа Ричардын нэг гар хөдөлж эхлэв. Дараа нь нөгөө гар нь хөдлөв. Найзууд нь түүнийг ажиглан харж байлаа. Эцэст нь тэр гүн амьсгаа авч, нүдээ нээв. Ричард энэ дэлхий дээр буцаж ирсэндээ харамсаж байна гэв. Юу гэсэн үг вэ? гэж найзууд нь асуухад тэр дараахь түүхийг тэдэнд ярьжээ.
Миний бие яг л харвасан сум шиг маш хурдтайгаар тэнгэр уруу ниссэн. Тэгээд тэнгэрт нэгэн нүх нээгдэж түүгээр ороход нэгэн цагаан дээлтэй хүү зогсож байсан. Тэр миний гараас барьж, “Тавтай зочлогтун” гэж хэлээд дэлхий уруу эргэж харахыг хэлэв. Намайг дэлхий уруу эргэж харахад хүмүүс яг л бөмбөг шиг жижигхэн харагдаж байв. Маш олон хүмүүс байсан. Тэд хүний санаанд оромгүй ичгүүртэй зүйлсийг үйлдэж байв. Цагаан дээлтэй хүү тэдний амьдралын бүх зүйлс ийнхүү ил харагддаг гэж хэлэв.
Дараа нь хүү өөрийгөө дагаж явахыг хэлэв. Бид маш олон хүн эгнэн зогссон Шүүгчийн сэнтийний өмнө ирсэн. Тэдний зарим нь миний таньдаг хүмүүс байв. Хүмүүс нэг нэгээрээ ээлж дараагаараа Шүүгчийн өмнө ирж зогсож байв (2 Коринт 5:10 "Учир нь хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой"). Тэднийг харж байтал зарим хүмүүс Шүүгчийн өмнө ирэхдээ хэзээ нэгэн цагт тэд Шүүгчийн өмнө ирнэ гэдгээ мэдэхгүй байсан гэж хэлж байв. Тэд Шүүгчийн өмнө өөрийнхөө хэргийн талаар ярьж байх үед Шүүгч тэдний дээрээс харж байв. Дараа нь тэднийг зүүн гар талд зогсохыг хэлэв.
Зарим хүмүүс Шүүгчийн өмнө ирэхдээ юу ч хэлсэнгүй зөвхөн тэднийг урагш гарч зогссоны дараа баруун гар тал уруу зогсохыг хэлж байв.
Энэ үйл явцыг би хэсэг зуур харж зогссоны дараа намайг дагуулан явж байсан хүү зүүн гар талд зогссон хүмүүст юу тохиолдохыг харуулъя гэв. Бид нэгэн хаалганы өмнө ирж зогсов. Хаалгыг тогшсоны дараа нээгдэхэд нэгэн харанхуй өрөө байгааг харсан. Тэнд хүмүүс шүдээ хавиран гаслан зовж байв. Би маш их айдаст автахын хажуугаар тэднийг маш их өрөвдсөн.
Дараа нь хүү бид 2 баруун гар тал уруу явав. Бас нэгэн хаалганы өмнө ирэв. Хүү хаалгыг тогшиход нээгдэж, дотогш хартал өрөөний шал алтаар хийгдсэн байв. Энэ газар хурц тод өнгийн гэрлээр гэрэлтэж, хүн бүр баяр жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байсан. Тэд Эздийн Эзэн Хаадын Хааныг магтан дуулж байв. Би маш их баяр хөөрийг мэдэрч, хөл дээрээ үсрэн цовхорч байв, тэгээд өрөө уруу орох гэтэл хүү намайг хойш нь татаж, миний цаг арайхан болоогүй гэж хэлэв. Тэр надаас Матай 24-р бүлгийг уншиж байсан уу гэж асуув. Уншсан гэхэд тэр, Есүсийн дахин ирэхийг зөгнөсөн шинж тэмдгүүд одоо нэг нэгээрээ биелж байна. Эзэний дахин ирэх хугацаа одоо нэг их үлдээгүй гээд энд үзэж харсан бүх зүйлүүдийг хүмүүст яриарай гэв. Дараа нь хүү намайг орхиж, би дэлхий дээр ирсэн.