BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Tuesday, April 13, 2010

Оюун санааны тэмцэл

Би 25 жилийн турш номлосоор ирсэн бөгөөд тусламж хэрэгтэй бидний амьдралын хамгийн чухал хэсэг бол бидний бодол санаа гэдэгт бат итгэсэн. Бид оюун санааны тухай хичнээн их зүйлийг сонсож мэдсэн бай тэдгээр нь бидэнд шинэ шинэ зүйлүүдийг заасаар л байдаг.

Хүний бодол санаа байгаа газар хүний алхам тодорхойлогддог гэдэгт би итгэдэг. Есүс Лук 6:45-д хэлэхдээ “ ....зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг”, Сургаалт үгс 23:7-д “ .... учир нь тэр дотроо (oрч. Библийн англи орчуулган дээр зүрхэн дотроо гэж хэлсэн байдаг) боддогтойгоо адил.... “. Энэ 2 ишлэл дэх зүрх гэдэг үг оюун санаа гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл бидний хэл яриа, үйл хэргийн өмнө бидний бодол санаа явдаг гэсэн үг юм. Бид өөрсдийн дотоод амьдралдаа юуг зөвшөөрнө тэр нь бидний амьдралд гадагшаа илрэн гардаг гэсэн үг юм.

Тийм учраас бид өөрсдийн буруу зан үйлдлээ засахын тулд эхлээд буруу бодол санаагаа засах хэрэгтэй. Миний гүн гүнзгий хүсэл мөрөөдөл бол та нарыг бодол санаагаа Бурханы Үгэнд хэлэгдсэнчлэнтэй нийцүүлж сурахад туслах явдал юм. Үүний үр дүнд бидний амнаас гарч байгаа үгс, бидний амьдралаас гарч байгаа үйлдэлтэй нийцдэг болно. Ялалтад хүрэх гол түлхүүр бид бодол санаандаа орж ирж байгаа болгоныг бодоод байх биш харин Бурханы Үгийн хүч чадлаар бодол санаагаа шинэчилж, Бурханы бодохыг хүсч буй зүйлүүдийг бодож сурах явдал гэдэгт би итгэдэг.

Бодол санааны байшин

Бидний бодол санаа бидэнд нэг бол тусладаг, нэг бол хохирол учруулдаг гэдгийг би ойлгосон. Тэдгээр нь бидний эрүүл мэнд, ааш зан, харилцаанд нөлөөлдөг. Үнэнийг хэлэхэд тэдгээр нь бидний амьдралын бүхий л хэсэгт нөлөөлдөг. Бурханы Үгийг судалж эхлэх үед миний амьдралд маш олон бэрхшээлтэй асуудлууд байсан. Гэвч би өөрийнхөө бодол санааны талаар илчлэлтүүдийг Бурханаас хүлээн авсан тэр үед миний сүнсэнд том өөрчлөлт гарч эхэлсэн. Миний амьдрал хог новш шиг байсны гол шалтгаан нь миний бодол санаа хог новш байсныг би мэдсэн.

Эзэн надад хүн болгонд гадна ба дотоод амьдрал байдаг гэдгийг ойлгуулсан. Бидний гадна амьдрал бол хүн болгоны нүдэнд ил харагдаж буй амьдралын хэсэг бол бидний дотоод амьдрал бол Бурханаас гадна биднээс өөрсдөөс маань өөр хэн ч харж чаддаггүй тэр амьдралын хэсэг юм. Дотоод амьдралд бидний бодол санаа, хандлага, сэдлүүд багтдаг. Бурхан бидний бодол санаа болгоныг мэддэг. Библид хэлэхдээ “Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг” гэсэн (Еврей 4:13).

Бидний дотоод амьдрал бол үргэлж баригдсаар байдаг бодол санааны байшин гэж би бодох дуртай. Бидний амьдралын бодол санааны энэ 4 ханан дотор бидний дотоод амьдрал байдаг. Оюун бодолдоо хүлээн авч байгаа бодол санаа болгон маань бидний барьж буй байшингийн хананд босгогдож буй нэг тоосго болгонтой адил юм. Хэрэв бид сөрөг, амиа хичээсэн, бурханлаг бус бодол санааг өөрсдөдөө зөвшөөрвөл бидний байшин хог новшоор дүүрэх бөгөөд бид эргэн тойрондоо дайснуудаар хүрээлэгдэх болно. Харин бид эерэг, бурханлаг бодол санаануудыг сонгох аваас бидний байшин зөвт байдлын шагналуудаар дүүрэн ивээл ерөөл байх болно.

Бодол санаа бол компьютертэй адил юм – түүн дотор юу хийнэ тэр болгон гадагш илрэн харагдах болно. Бурхантай хамт алхаж эхэлсэн тэр үед миний оюун санаа дахин программчлагдах шаардлагатай болсон. Миний бодол санаа Бурханы Үгийн эсрэг буюу түүн дотор хэлэгдсэнчлэнтэй нийцэхгүй байсан, өөрчлөгдөх шаардлагатай байсан. Ром 12:2-т “Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ (орч. библийн англи орчуулга дээр бодол санаагаа гэжээ) шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун”.

Хэрэв би илүү сайн амьдрахыг хүсч байгаа бол илүү сайн бодол санаануудыг бодох хэрэгтэй гэдгийг Бурханы нигүүлслээр ойлгосон юм. Бурхан надад миний амьдралдаа хүлээн зөвшөөрч байсан Сатаны худал үгүүдийг бага багаар илчилж эхэлсэн. Оюун санаандаа өсөхийг зөвшөөрч байсан диаволын худал хуурмагийн ханыг нурааж, үнэнээр дахин барьж босгох шаардлагатай болсон. Бурханы Ариун Сүнсний хүч чадал миний дотор ажиллаж эхлэн ийнхүү сэргээн босгох үйл ажиллагаа явагдаж эхэлсэн.

Дайсан илчлэгдсэн нь

Бид нэгэнт бодол санаагаа өөрчлөх шийдвэр гаргах үед дайсантайгаа тулалдаж эхэлдэг. Энэ дайны талбар бол оюун санаа юм. Сатан хэрэв бидний бодол санааг эзлэн авбал бидний амьдралыг бас эзлэн авч чадна гэдгийг мэддэг. Тийм л учраас тэр биднийг өглөө хөлөө газар хүргэхээс өмнө дайрч эхэлдэг. Эхэлж буй шинэ өдрийг уйтгар гуниг, гаслан зовлонгоор дүүрэн эхлүүлэхийн тулд Сатан бидний оюун санааг бүх л сөрөг, бурханлаг бус бодол санаа, төсөөллүүдээр бөмбөгдөж эхэлдэг.

Библид хэлэхдээ “.... учир нь түүний (Сатаны) хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш....” гэсэн (2Коринт 2:11). Санаа гэдэг үг Тайерийн Шинэ гэрээний грек-англи утгад “бузар муу зорилго агуулсан оюун ухааны ойлголт буюу бодол санаа” гэсэн байдаг нь их сонирхолтой. Бидний эсрэг ашигладаг Сатаны хоёр том зэвсэг бол санаа зоволт ба бүх зүйлийн учрыг ухаж төнхөж олохыг оролддог байдал гэдгийг би мэдсэн юм.

Бурхантай хамт алхаж эхлэх тэр үед би санаа зоволтын мэргэжилтэн байсан. Би юманд санаа зовж, бүх зүйлийн учрыг ухаж төнхөж олохыг оролддог байсан. Миний хувьд бүх зүйл өөрийн гэсэн байр суурьтай байсан. Би санаа зоволт ба юмны учир начрыг ухаж төнхөх донтой болсон байсан, яагаад гэвэл энэ нь намайг бүх зүйлийг удирдлагандаа байлгаж буй мэт санагдуулдаг байсан. Бүх зүйл миний удирдлаганд байвал би сэтгэл хангалуун болдог байсан.

Сатаны худал хуурмагийг зөвшөөрөх болгонд би түүнд бодол санаандаа байр тавьж өгдөг байсан (Ефес 4:27). Энэ байдал олон жил үргэлжилсэн учраас сүүлдээ энэ нь миний оюун ухаанд бат бэх цайз болон хувирсан байсан. Webster’s II New College Dictionary толь бичигт цайз гэдэг үгийг “бэхлэлт, хэрэм буюу хэсэг бүлэг хүмүүсийн эзлэн авсан газар нутаг” гэж тодорхойлсон байдаг. Оюун санааны бат бэх цайз сайн ба муу бодол санааны алиугаар ч бүрэлдэн тогтож болно. Миний хувьд бодол санаа маань санаа зоволт ба юмны учир начрыг ухаж төнхдөг зан чанарт эзлэгдсэн байсан. Тийм учраас би худал хуурмагийн цайзыг нураах цорын ганц арга зам бол үнэнээр нураах гэдгийг олж мэдсэн юм.

Сэлмээ далайх нь

Бидэнд байдаг хамгийн том зэвсгүүдийн нэг бол Бурханы Үгийн үнэн юм. Библид 2Коринт 10:4, 5-д “Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг” гэсэн. Хэрэв бид буруу бодол санаануудаа хүлэхгүй юм бол тэдгээр нь биднийг хүлэх болно.

Есүс цөлд Сатаны сорилттой тулгарахдаа Бурханы Үгнээс иш татаж, дайснаа ялсан байдаг (Лук 4:1-13-ыг үз). Бурхан намайг санаа зоволт ба юмны учрыг ухаж төнхдөг зан чанараас салгахын тулд энэ л зүйлийг заахыг хүсч байсан. Түүний Үг бол дайсны санаа бодол ба миний махан биенээс дээгүүр гэдгийг Бурхан надад мэдүүлж, итгүүлж, өндөрт гаргахыг хүсч байсан. Есүс Матай 6:25-34-т бид юунд ч санаа зовох хэрэггүй, Бурхан бол бидний бүх хэрэгцээг хэрэгтэй үед маань хангах итгэмжтэй гэж тодорхой хэлсэн байдаг. Сургаалт үгс 3:5, 6-д “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ.Өөрийн ойлголтод бүү түшиглэ.Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд.Тэр чиний замыг шулуун болгоно” гэсэн.

Бурхан миний нүдийг өөрийн үнэн Үг уруу нээж өгсөн. Дайсны худал хуурмагийн эсрэг Библи юу гэж хэлсэн байдагт би улам бүр итгэж эхэлсэн. Библийг би ийм аргаар улам бясалгах тусам миний бодол санаа улам бүр өөрчлөгдөж, эрх чөлөөтэй болсон.
Бодол санаагаа ийнхүү өөрчлөн шинэчлэх үйл явц зөвхөн нэг хоногийн дотор болчихоогүй. Ихэвчлэн олон жил хуран цугласан проблемтай асуудал нь Бурханаас бидний дотор ажиллахад цаг хугацаа шаарддагийг би мэдсэн. Заримдаа Бурхан залбирал ба гар тавин залбирах залбирлаар дамжуулан биднийг дотроос маань шууд өөрчилдөг. Гэвч ихэнх тохиолдолд цаг хугацаа шаарддаг. Бид өдөр бүр Бурханыг дагахад тэр бидний дотор Христийн зан чанарыг итгэмжтэйгээр хэлбэржүүлэн хөгжүүлдэг (1Teсалоник 5:23,24-ийг үз). Бид үнэнээр зэвсэглэвэл диаволын бидний амьдралаас хулгайлан авсан зүйлийг эргүүлэн авч чадна.

Оюун санааны эрх чөлөөгөө хадгалах нь

Бид оюун санаагаараа чөлөөлөгдсөний дараа эрх чөлөөгөө хэрхэн хадгалахыг бас сурах хэрэгтэй. Бид буруу бодол санаануудыг зөвхөн нураагаад зогсох биш бас зөв бодол санаануудыг сонгоход сурах хэрэгтэй. Би санаа зоволт ба юмны учрыг ухаж төнхдөг зан чанарынхаа эсрэг энэ аргыг хэрэглэх нь үнэнд нийцтэй болохыг мэдсэн.

Бурхан намайг санаа зовж, бүх зүйлийн учрыг олохыг хүсдэггүй гэдгийг би мэдсэнийхээ дараа диаволд энэ талаар бууж өгөхгүйн тулд бүх хүчээ дайчлах болсон. Миний бодол санаанд буруу бодол санаа орж ирэх болгонд би тэдгээрийг бүх хүч чадлаараа эсэргүүцэх болсон. Би өөртөө “Үгүй, би энэ тухай бодохгүй” гэж хэлж эхэлсэн. Ингэж хэлсний дараа хэсэг зуур миний оюун санаа эрх чөлөөтэй болдог байсан боловч хэсэг хугацааны дараа дахиад л нөгөө бодол эргэн орж ирнэ. “Үгүй, би энэ тухай дахиж бодохгүй” гэж хэлнэ. Гэвч удалгүй дахиад л бодно, эсвэл ижил төстэй бодол орж ирнэ. Ийм тойрог үргэлжлэн үргэлжилсээр заримдаа би өдрийн төгсгөлд нэг л их ядарч туйлдсан хүн байдаг байв.

Нэгэн өдөр би “Бурхан минь ээ, би өдөр бүр ийм байдалтай байж чадахгүйнээ. Буруу бодол санаануудыг хөөнгүүт эргээд л ороод ирэх юм. Би юу хийх ёстой юм бэ?” гэж залбирсан. Эзэн надад “Маш энгийн. Өөр зүйлийн тухай бод. Хэрэв чи сайн зүйлийн тухай бодоод л байвал буруу бодол санаанд орших газар үгүй болно. Харин чи хоосон бодол санаатайгаар өдөржин суувал бузар муу бодол чиний оюун ухаанд үргэлж үсрэн орж ирэх болно (Maтай 12:43–45-ыг үз).

Энэ миний хувьд амьдралыг минь өөрчилсөн илчлэлт болсон. Би оюун санаандаа ямар нэгэн сайн зүйл орж ирэхийг хүлээгээд сууж болохгүй юм байна гэдгийг мэдсэн. Би бодол санаагаа зорилготойгоор сонгож сурах хэрэгтэй байсан. Би бодол санаагаа “....юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмс....” болгон дээр төвлөрүүлж сурах хэрэгтэй байсан (Филипой 4:8). Библид Дэлгэрэнгүй хууль номонд хэлэхдээ ерөөл хараалын аль аль нь бидний өмнө тавигдсан гэсэн байдаг. Хэрэв бид амь уруу хөтөлдөг бодол санаануудыг сонгохгүй юм бол диавол биднийг үхэл уруу хөтөлдөг бодол санаанууд уруу хөтлөх болно. Харин бид амь уруу хөтөлдөг бодол санаануудыг сонговол бидний амьдрал ерөөгдөх болно.

Энэ бол ялалтад хүрэх гол түлхүүр гэдэгт би итгэдэг. Ром 12:21-д “Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн” гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн нөхцөл байдал, хүмүүсийн эерэг шинж байдлыг холбогдох Библийн ишлэлүүдийн хамт жагсаан бичих нь маш тустай гэдгийг мэдсэн. Би энэ зүйлийг цаасан дээр бичээд гартаа барьж буруу бодол санаа орж ирэх болгонд чангаар уншдаг. Бурхан миний бодол санааг олон зүйл дээр шинэчлэн өөрчлөхийн тулд энэ аргыг хэрэглэсэн. Бид юу нь сайшаалтай, сайн байна тэр зүйл дээр бодол санаагаа бясалгаж төвлөрүүлж чадвал төдийчинээ бидний проблем, асуудлууд багасана гэдгийг би сурсан.

Бурхантай санал нэгдэх

Бид бодол санаагаа Бурханы үгэнд хэлсэнчлэнтэй нийцүүлэхийг хичээвэл зөв үгс, зөв үйлсүүд биднээс гарах болно. Ефес 4:22-24-т “.... чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс....” гэсэн.

23-р ишлэл бол 22 ба 24 ишлэлийг холбогч гүүр гэдгийг ойлгох нь маш чухал гэж би боддог. Бид хуучин муу зуршлаа орхиж зөвт байдал ба ариун байдлын шинэ чанарыг өмсөхийн тулд үргэлж бодол санаагаа Бурханы үнэн Үгээр шинэчлэн өөрчлөх хэрэгтэй. Би маш их сөрөг үзэл бодолтой хүн байсан, тийм учраас бодол санаагаа дахин програмчлах шийдвэрийг өдөр бүр гаргадаг байсан. Харин одоо бол энэ асуудал шийдэгдсэн, Бурханы эерэг үзэл бодол надад автоматаар төрдөг болсон.

Би таныг Бурханы Үг уруу орж, Тэр таны тухай болон таны нөхцөл байдлын тухай юу гэж хэлсэн байдгийг мэдэхэд уриалж байна. Та өдөр тутам юу боддог тухайгаа бодож үзэгтүн. Би бүх насаараа ядуу байх нь, би хэзээ ч өрнөөс гарахгүй нь.... эсвэл Хэн ч надтай гэрлэхийг хүсдэггүй.... эсвэл Миний бодол санаа хэзээ ч өөрчлөгдөхгүй нь.... гэсэн бодлуудыг бүү хүлээн авагтун. Түүний оронд Бурхан таны тухай юу гэж хэлснийг хүлээн ав. Бурхан намайг бүх талаар амжилттай болгоно (3Иохан 2-ыг үз), Бурхан дотор амарч байх хооронд тэр надад тохирох хамгийн сайн ханийг бэлдэж байгаа (Эхлэл 2:18-ыг үз), Бурхан намайг Есүстэй улам адил болгохын тулд нэг алдраас нөгөө алдар уруу өдөр бүр өөрчилж байна (2Коринт 3:18-ыг үз) гэж бодож эхлэхтүн.

Би таныг Бурханы Үгийг бясалгаж, итгэхийг сонгоход уриалж байна. Бурханы Үгийг судлах тусам та Сатаны худал үгсийг таньж, эсэргүүцэх хүч чадалтай болно. Өдөр бүр Бурханыг Түүний Үгэн дээр хүлээн ав, тэгвэл Тэр таны амьдралын бүхий л хэсэгт эдгэрэл, сэргэлт, тэнхрэлийг авчрах болно.