BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, July 10, 2009

"Тамын бодит үнэн" 3-р бүлэг


3-р бүлэг
Тамын баруун хөл
Би тамд очсоноосоо хойш юм идэх хүсэлгүй болж, унтаж чадахаа больсон. Өдөр бүр там миний өмнө амилах шиг болдог. Нүдээ анихад тамын дүр зураг харагдана. Чихэнд минь тамд буй хүмүүсийн орилоон чарлаан сонсогдоно. Телевизийн нэвтрүүлэг шиг тамд харсан бүх зүйл маань эргэн амилаад босоод ирэх шиг санагддаг. Шөнө бүр тамд очсоныхоо дараа тэдгээр аймшигтэй зүйлсүүдийг дэлхийд хэлэхийн тулд илэрхийлэн бичих зөв үгсийг олохыг хичээж байсан.
Есүс над дээр дахин ирж, “Миний охин бид өнөөдөр тамын баруун хөл уруу очих болно. Битгий ай, би чамд хайртай, чамтай хамт байх болно” гэв.
Эзэний царай уйтгар гунигтай, түүний нүд энэрэл хайр, гүн гүнзгий хайраар дүүрэн байсан. Хэдийгээр тэдгээр сүнснүүд тамд үүрд алдагдсан байсан боловч Есүс тэднийг хайрласан хэвээр, үүрд хайрласан хэвээр гэдгийг би мэдэж байсан.
“Миний охин, бидний Эцэг бидэнд сонгох эрх чөлөөг өгсөн. Бид Түүнийг эсвэл Сатаныг сонгож болно. Бурхан хүмүүст зориулан тамыг бүтээгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Сатан хүмүүсийг араасаа дагуулахын тулд хууран мэхэлдэг, там бол Сатан болон түүний элч нарт зориулагдсан. Хүн үхлийг сонгох нь миний ч , миний Эцэгийн ч хүсэл биш” гэв. Есүсийн хацар дээгүүр энэрэл хайрын нулимс урсаж байсан.
“Цаашид тамд очих явцад миний үгийг санагтун. Надад тэнгэрт болон газарт бүх хүч чадал бий. Зарим үед би чамайг орхисон юм шиг санагдаж магадгүй гэвч тийм биш. Зарим үед бид муу сүнснүүдэд болон алдагдсан сүнснүүдэд харагдана, гэвч зарим үед харагдахгүй. Бид хаана ч байсан амар тайван байж, намайг дагахаас битгий ай” гэж Есүс хэлэв.
Бид хамт явцгаав. Би түүнтэй ойрхон араас нь уйлсаар дагав. Би олон хоног уйлсаар байсан, миний өмнө харагдах тамын оршихуйгаас би өөрийгөө зайлуулж чадахгүй байсан. Би дотроо гашуудан уйлсаар байсан. Миний сүнс уйтгар гунигтай байв.
Бид тамын баруун хөлөнд ирэв. Бидний явж буй зам хуурай, галд шатсан байв. Орчныг бохир агаар дүүргэж, үхлийн үнэр хаа сайгүй үнэртэж байв. Заримдаа энэ нэвт шингэсэн бохир үнэрээс болж миний ходоод өвдөж байв. Есүсийн орчин тойронд болон миний нүд гүйцэж үл харж чадах хязгааргүй зайнд галтай нүхнүүдийн гэрэл л орчин тойрныг гэрэлтүүлж байв.
Гэнэт бидний эргэн тойронд олон янзын муу сүнснүүд өнгөрөн явахыг харав. Жижигхэн биетэй муу сүнснүүд бидний хажуугаар хөлхөн өнгөрөв. Нэгэн том биетэй муу ёрын сүнс жижиг чөтгөрүүдэд тушаал өгч байв. Бид тэдний яриаг чагнахаар зогсов. Есүс “Энд бас бидний нүдэнд харагддаггүй муу сүнснүүд, өвчний муу ёрын сүнснүүд байдаг” гэв.
“Явж, олон муу зүйлүүдийг хий. Гэр бүлүүдийг бутаргаж салга. Сул дорой итгэгчдийг уруу татаж, аль болох буруу замаар зааварчлан дагуул. Эргэж ирэхэд чинь та нарыг шагнах болно”
“Есүсийг өөрийнхөө Аврагч болгосон жинхэнэ итгэгчдээс болгоомтой бай. Тэдэнд та нарыг хөөх хүч чадал бий. Одоо дэлхий уруу явцгаа. Надад одоо бусад сүнснүүдийг илгээх бусад олон ажлууд байна. Бид бол харанхуйн жононгийн зарц нар, огторгуйн хүчнүүд гэдгийг битгий март” гэж том муу ёрын сүнс хэлэв.
Энэ үед муу ёрын биетүүд тамаас гарч, явцгаав. Тамын баруун хөлний орой дээр байрлах хаалга түргэн зуур онгойж хаагдав. Зарим нь бидний ирсэн туннелээр гарч явцгаав.
Би эдгээр муу ёрын биетүүдийг дүрслэн хэлэхийг хичээе. Тушаал өгч байсан том муу ёрын сүнс нас биед хүрсэн том баавгай шиг биетэй, бор өнгөтэй, сарьсан багваахай шиг царайтай, нүд нь үсэрхэг нүүр уруугаа хүнхийн орсон байсан. Түүний үстэй гар нь хажуу талдаа унжиж, үсэрхэг нүүрнийх нь цаанаас соёо нь харагдаж байсан.
Нэг муу ёрын сүнс болохоор сармагчин шиг урт гартай, жижиг бие нь бүхэлдээ үстэй байсан. Түүний нүүр нь хавчгар нарийхан, урт хамартай байсан. Түүний нүд нь хаана байгааг би харж чадаагүй.
Зарим нь том толгойтой, том чихтэй, урт сүүлтэй байсан, зарим нь морь шиг том биетэй, гялгар арьстай байсан. Эдгээр муу сүнснүүдийн дүр төрх, тэднээс үнэртэх муухай үнэр миний ходоодыг өвтгөж байсан. Хаа сайгүй муу ёрын сүнс, чөтгөрүүдийг харж байсан. Эзэний хэлсний дагуу том чөтгөр нь Сатанаас тушаалаа хүлээж авдаг гэдгийг мэдсэн.
Есүс бид хоёр замаар явсаар нэгэн нүхэн дээр ирэв. Зовлон шаналал, гашуудалтай дуу хаа сайгүй сонсогдож байв. Эзэн минь ээ, дараа юу болох вэ гэж би бодов.
Бид хэсэг муу ёрын сүнснүүдийг өнгөрөн явж өөр нэгэн галтай нүхний хажууд ирэв. Энэ нүхэнд нэгэн том биетэй хүн байв. Тэр сайн мэдээ зааж байхыг сонсов. Есүс миний бодол санааг мэдэж байсан учраас түүн уруу би гайхан харав. Есүс “Энэ хүн дэлхий дээр байхдаа номлогч байсан. Тэр нэгэн үе надад үйлчлэн үнэнийг ярьдаг байсан” гэв.
Энэ хүн яагаад энэ тамд байгаа юм бол гэж бодов. Тэр 1,8 метр орчим өндөртэй, түүний араг ясан бие булшны чулуу шиг бохир саарал өнгөтэй харагдаж байв. Түүний бие дээр хувцасны хэсгүүд тохоотой харагдаж байв. Энэ шатаж буй гал яагаад энэ хувцасны хэсгүүдийг шатаахгүй байгаа юм бол гэж би бодож байв. Түүний бие дээр галд улалзаж буй мах нь харагдаж, гавлынх нь яс галын дөлөнд шатаж байв. Муухай үнэр түүнээс үнэртэж байв.
Түүнийг номлож буй мэт агаарт гараа өргөн Библи уншиж буй мэт дүр үзүүлэхийг харав. “Тамд хүн бүхнийг мэдэрдэг, бүр ч илүү мэдэрдэг” гэж Есүс хэлж байсныг санав. Өнөөх хүн Библиэс уншаад уншаад л байв. Надад сайхан санагдаж байв. Есүс түүнд хайр дүүрэн хоолойгоор “Амар тайван байгтун” гэж хэлэв. Тэр хүн ярихаа больж Есүс уруу удаанаар эргэн харав.
Би тэр хүний араг ясан доторх сүнсийг харав. Тэр Эзэнд “Эзэн минь ээ, одоо би бүх хүнд үнэнийг номлох болно. Одоо би энэ газрын тухай бусад хүмүүст хэлэх болно. Дэлхий дээр байхдаа би там байдаг гэдэгт, тэр ч байтугай Таныг дахин ирнэ гэдэгт итгэдэггүй байсан. Би хүмүүсийн сонсохыг хүсч буй зүйлийг номлодог байсан, би үнэнийг гуйвуулан сүмийнхээ хүмүүсийг буруу замаар хөтөлсөн. Би өөр арьстан ястны хүмүүст дургүй байсан, олон хүмүүсийг танаас холдуулсан. Би тэнгэрийн улс болон зөв, буруу зүйлүүдийн тухай өөрийн гэсэн дүрэм журмыг тогтоосон. Олон хүнийг буруу замаар явуулж, Таны Үгнээс гажуудуулсан. Би ядуу хүмүүсээс мөнгийг нь авдаг байсан. Эзэн минь ээ, намайг эндээс гаргаач, би дахиж сүмээс мөнгө хулгайлахгүй. Би аль хэдийн гэмшсэн шүү дээ. Би одоо бүх үндэстэн ястан хүмүүсийг хайрлах болно” гэв.
Есүс “Чи Бурханы ариун Үгийг мушгин гуйвуулаад зогсохгүй өөрөө үнэнийг мэдэхгүй мэт мэхэлж байсан. Дэлхийн амьдралын таашаал чамд үнэнээс илүү чухал байсан. Би чам дээр ирж, чамайг өөр уруугаа эргүүлэхийг хүссэн боловч чи намайг сонсоогүй. Чи өөрийн замаараа явж, бузар муу зүйл чиний эзэн болсон. Чи үнэнийг мэдсэн боловч над уруу эргэж гэм нүгэлдээ гэмшээгүй. Би чиний төлөө үргэлж байсан. Чамайг хүлээсэн. Чамайг гэмшихийг хүлээсэн гэвч чи ирээгүй. Шүүлт одоо тогтоогдсон.”
Есүсийн царай дээр харамсал гашуудал харагдав. Хэрэв тэр хүн Бурханы дуудлагыг сонссон бол энд ирэхгүй байх байсан. Хүмүүс ээ, сонсогтун.
Есүс дахин тэр хүнд хандаж “Чи үнэнийг ярьж, олон хүнийг Бурханы Үгээр шударга зөвт зам уруу авчрах ёстой байсан. Үл итгэгч нар хүхэртэй галтай нууранд шийтгэлээ авах болно гэдгийг чи хэлэх ёстой байсан. Чи Загалмайн замыг мэдэж байсан. Чи шударга зөвт зам гэж юу болохыг мэдэж байсан. Чи үнэнийг ярих ёстой гэдгээ мэдэж байсан. Гэвч Сатан чиний зүрхийг худал хуурмагаар дүүргэж, чи гэм нүгэл хийсэн. Чи хоёр нүүртэйгээр биш чин сэтгэлээсээ гэмших ёстой байсан. Миний үг бол үнэн бөгөөд худал ярьдаггүй. Одоо дэндүү оройтсон” гэв. Энэ үгийг сонсоод өнөөх хүн Есүс уруу гараараа занган харааж эхлэв.
Гунигтайгаар Есүс бид хоёр дараагийн нүх уруу явав. Итгэлээ орхисон номлогч Есүсийг хараан уурласаар байв. Биднийг галтай нүхнүүдийг өнгөрөн явж байхад алдагдсан сүнснүүд гараараа Есүст хүрэхийг оролдон түүнээс өршөөл эрэн хашгирцгааж байв. Тэдний нарийхан гарнууд галд шатсанаас болж ямар ч амьд мах цустай гэж харагдахгүй нэг л хар саарал үхсэн гарнууд харагдаж байв. Дотроо би “Дэлхий минь ээ гэмшигтүн. Хэрэв гэмшихгүй бол чи энд ирэх болно. Хожимдохоосоо өмнө гэм нүгэл үйлдэхээ боль” гэж уйлж байв.
Бид нэгэн нүхэн дээр ирж зогсов. Би тэднийг өрөвдсөндөө сульдан, хөл дээрээ арай хийн явж байв. Миний бие уйлснаас болж чичирч байв. “Есүс, миний сэтгэл маш их өвдөж байна” гэж хэлэв.
Нүхнээс нэгэн эмэгтэй хүний дуу Есүстэй ярив. Тэр нүхний голд зогссон байх бөгөөд бүх л биеийг нь гал хучсан байв. Түүний араг яс өт болон үхсэн махаар дүүрэн байв. Гал түүн уруу асахад тэр Есүс уруу гараа өргөн “Намайг эндээс гаргаач. Би одоо Есүст итгэх болно. Би бусад хүмүүст таны уучлалын тухай хэлэх болно. Таныг гэрчлэх болно. Намайг эндээс гаргаач, гуйж байна” гэж хашгирав.
Есүс “Миний үг бол үнэн. Миний үгэнд хэлэхдээ хэрэв энэ газарт ирэхийг хүсэхгүй байвал миний өмнө гэмшиж, над уруу эргэн, намайг өөрсдийнхөө амьдралд урих ёстой гэж тунхагласан байдаг. Миний цусаар дамжуулан уучлалыг авч чадна. Би итгэмжтэй бөгөөд шударга үнэн. Над уруу ирсэн хүн бүрийг би уучлах болно. Тэднийг би өөрөөсөө холдуулахгүй” гэв.
Есүс эмэгтэй уруу эргэн харж “Хэрэв чи намайг сонсож над уруу эргэн гэмшсэн бол би чамайг уучлах байсан” гэв.
Эмэгтэй “Эзэн минь ээ, эндээс гарах арга зам байна уу?” гэж асуув.
Есүс зөөлөн хоолойгоор “Эмэгтэй, би чамд гэмших олон боломж өгсөн боловч чи зүрх сэтгэлээ хатууруулж гэмшихээс татгалзсан. Миний үгэнд янхан хүмүүс галтай нууранд шийтгэлээ авах болно гэж бичигдсэнийг чи мэдэж байсан” гэв.
Есүс над уруу эргэж “Энэ эмэгтэй олон эрэгтэйчүүдтэй завхайрч байсан бөгөөд олон гэр бүлийг салгасан. Гэсэн ч би түүнийг хайрласаар байсан. Би түүн дээр яллахын тулд биш харин аврахын тулд ирж байсан. Би түүн уруу өөрийн олон хүмүүсийг илгээж, гэмшүүлэхийг хүссэн боловч тэр татгалзсан. Түүнийг залуухан эмэгтэй байхад би өөр уруугаа дуудсан, гэвч тэр муу зүйлүүдийг хийсээр байсан. Тэр олон муу зүйлүүдийг хийсэн, гэсэн хэдий ч би түүнийг уучлахад бэлэн байсан. Сатан түүний дотор орж, зэвүүцэл хорсол нь улам бүр нэмэгдэж бусдыг уучлахаа больсон.”
“Тэр, эрэгтэй хүмүүстэй танилцах гэж сүм дээр ирдэг байсан. Тэр тэднийг өдөн өөр уруугаа уруу татдаг байсан. Хэрэв тэр Миний өмнө ирсэн бол түүний бүх гэм нүгэл Миний цусаар угаагдах байсан. Заримдаа тэр надад үйлчлэхийг хүсдэг байсан, гэвч хүн Бурхан, Сатан хоёрыг нэгэн зэрэг дагаж чадахгүй. Хүн бүр алинд нь үйлчлэхээ сонгох ёстой” гэв.
“Эзэн минь ээ, надад цаашаа явах хүч чадал өгөөч” гэж би уйлав. Тамын аймшгаас болж миний бие толгойноос хөл хүртлээ дагжин чичирч байв.
“Амар тайван байгтун” гэж Есүс надад хэлэв.
Би “Надад туслаач, Эзэн минь ээ. Сатан биднийг үнэнийг мэдэхийг хүсдэггүй. Би дэлхийг мөрөөддөг байхдаа тамыг хэзээ ч ийм аймшигтай гэж бодож байгаагүй. Есүс Эзэн минь, энэ бүхэн хэзээ төгсгөл болох вэ?” гэж уйлав.
Есүс “Миний охин, зөвхөн Эцэг хэзээ төгсгөл ирэхийг мэднэ” гэж хэлэв. Дараа нь тэр дахин “Амар тайван байгтун” гэж хэлэв. Миний дээр хүч чадал ирэхийг мэдрэв.
Есүс бид хоёр нүхэн дундуур явав. Би тэдгээр сүнснүүдийг галаас гаргаж Есүсийн хөл уруу авчрахыг хүсч байв. Би дотроо маш их уйлсан. Миний хүүхдүүд энд ирэхийг би хэзээ ч зөвшөөрөхгүй гэж бодож байсан.
Эцэст нь Есүс над уруу эргэж, “Миний охин, бид одоо гэр уруугаа харих болно. Маргааш шөнө бид дахин энд ирнэ” гэв.
Гэртээ ирснийхээ дараа би уйлсаар байсан. Өдөр нь тамын бүх аймшгууд миний нүдний өмнө амилан босч ирж байсан. Би өдөр нь уулзсан хүн болгонд тамын тухай ярьж байсан. Тамын өвдөлт бол бидний төсөөллөөс даван гарсан зүйл гэж хэлж байсан.
Энэ номыг уншиж байгаа ямар ч хүн ч байсан, би танаас гуйж байна, гэм нүгэлдээ гэмшигтүн. Есүсийг дуудаж таныг аврахыг гуй. Түүнийг өнөөдөр дууд. Маргааш болтол бүү хойшлуул. Цаг хурдан өнгөрсөөр байх болно. Өвдөг дээрээ суугаад гэм нүглээсээ ариусгагдахыг хүс. Бие биедээ сайхан ханд. Есүсийн төлөө бие биеэ уучлан зөөлөн сэтгэлээр ханд.
Хэрэв та хэн нэгэнд уурласан бол түүнийг уучил. Ямар ч уур хилэн биднийг там уруу аваачих ёсгүй. Христ таныг уучилсны адил уучлах зүрх сэтгэлтэй бай. Хэрэв бид гэмших зүрх сэтгэлтэй байж, Түүний цус биднийг ариусгахыг хүсвэл Есүс бидний дотор орж ирэх болно. Үр хүүхдүүдээ хайрлан, хөршөө өөрийн адил хайрла.
Өөрийн сүм болсон хүмүүст Эзэн “Гэмшин аврагдагтун!” гэж хэлж байна.

"Тэнгэрийн улс" үргэлжлэл


ТӨГС НЭГДЭЛ
Хүн ба Бурханы хоорондох хэзээ ч үл тасрах харилцаа тэнгэрийн улсад сэргээгдэх болно. Адам, Ева хоёрыг Еден цэцэрлэгт байх үед Бурхан дэлхий дээр ирдэг байсан. Үүний дараа гэм нүгэл, дуулгаваргүй байдал Бурхантай харилцах харилцааг таслахад Тэр хүн төрөлхтөнтэй эвлэрэх гэсэн өөрийн хүслээ харуулсаар байсан.
Түүний хүн төрөлхтөнд зориулсан төгс хайрын илэрхийлэл бол Өөрийн хүүгээ загалмай дээр ямар ч өршөөл энэрэлгүйгээр алуулахыг зөвшөөрсөн явдал юм. Зөвхөн Христийн үхэл ба амилалт нь хүнийг Бурхантай харилцах боломжтой болгосон.
Гэхдээ энэ дэлхийн амьдралын нөхцөл байдал Бурхантай ойр дотно харилцахад саад болсоор байдаг. Гэвч тэнгэрийн улсад ямар ч саад тотгор байхгүй. Бид тэнд Хаадын Хаан Эздийн Эзэнтэй төгс харилцаа холбоотой байх болно. Түүнтэй харилцах харилцаа төгс төгөлдөр байх болно.
Тэнгэрийн улс бол амьд Бурханы гэр юм. Энэ нь сансар огторгуйгаас дээгүүр, од гаригсаас дээгүүр оршдог. Энэ бол Эзэний аврагдсан сүнснүүдийн мөнхийн гэр (Исаиа 62:12) бөгөөд Есүс Христэд итгэж Бурханы хүүхэд болсон хүмүүсийн мөнхийн хувь тавилан юм.
Бидний орон байр гэж нэрлэгдсэн тэнгэрийн улсад бид олуулаа багтаж ядан багшран амьдрах вий гэж танд санаа зовох зүйл байхгүй. Аврагдсан сүнснүүд хамтдаа цуглан Бурханы алдар уруу очих цаг үед Эцэгийн гэрт бидэнд бэлдэж байгаа олон байшин, олон орон байрнуудыг хүн тус бүр эзэмших хангалттай газар орон элбэг дэлбэг байх болно. Есүс хэлэхдээ:
"Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ. Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. Миний явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав." (Иохан 14:1-4)
Тэнгэрийн улсад хүн болгонд хангалттай газар орон байх болно:
“Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийний өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүмүүс байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ. Тэд чанга дуугаар— Аврал бол сэнтийнд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа. Сэнтий, ахлагчид болон дөрвөн амьтны эргэн тойронд бүх тэнгэр элч нар зогсож байлаа. Тэд сэнтийний өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж,...” (Илчлэлт 7:9-11)
ТЭНГЭРИЙН УЛС ДАХЬ НУЛИМС
Нэгэн удаа тэнгэр элч надад “Бурхан чамд нулимсны газрыг үзүүлэхийг хүсч байна” гээд нэгэн газар уруу авч явсан. Магадгүй та Дуулал номноос бидний нулимсны тухай болон Бурхан биднийг хичнээн их хайрлаж халамжилдгийг олон удаа уншиж байсан байх. Тэнгэр элч нар бидний нулимсыг саванд хийдэг (Дуулал 56:8). Олон удаа би энэ ишлэлийг уншчихаад учрыг нь олох гэж хичээдэг байсан.
Та өөрийн хайртай хүмүүс, үр хүүхэд, хань нөхөр, гэр бүлийнхнээ нас барахад уйлан гашуудаж байсан байх. Ялангуяа хань нөхрөөсөө салах гэх мэт амьдралдаа хүнд хэцүү зүйлтэй тулгарахдаа ямар ч итгэл найдваргүй болсон мэт санагдаж байсан байх.
Бурхан надад нулимсны газрыг үзүүлсэн гэдгийг би хэлмээр байна. Тэнгэр элч намайг ямар ч хаалгагүй нэгэн өрөө уруу авчирсан.
Дотогш харахад өрөөний хэмжээ тийм ч том биш, Бурханы ариун байдал, хүч чадал энэ газар гэрэлтэн цацарч байсан. Өрөөн дотор болор тунгалаг тавиурууд байсан бөгөөд хананууд нь гэрэлтэн туяарч байсан.
Тавиуруудын дээр олон савнууд байх бөгөөд зарим нь гурав гурваараа холбоотой тунгалаг шилэн сав шиг юмнууд харагдаж байсан. Эдгээр гурав гурваараа холбогдсон гялалзан гялтганах сав бүр хэвтээ пайз бүхий самбар дээр байх бөгөөд дээр нь хүний нэр бичээстэй байв. Ийм шилэн савнууд маш их байв.
Өрөөн дотор сүр жавхлантай нэгэн хүн байхыг харсан. Түүний гүн ягаан дээл маш үзэмжтэй, нэгэн үнэт төрлийн материалаар хийгдсэн байв.
Маш тансаг хийцтэй нэгэн ширээг хаалганы хажууд тавьсан байв. Бурханы сүр жавхлан бүх зүйлийн дээр гэрэлтэн цацарч байсан. Би юу ч хэлж чадахгүй алмайран зогсож байсан.
Ширээн дээр номнууд байсан бөгөөд урьд нь миний амьдралдаа харж байгаагүй хамгийн гоё силкэн материалаар оёж хийсэн юм шиг харагдаж байсан. Зарим нь алмаз, сувд, цэцгэн хээгээр чимэглэгдсэн, зарим нь ногоон ба ягаан өнгийн чулуугаар чимэглэгдсэн байсан. Бүгд уран нарийнаар шаглагдан оёсон байсан.
“Бурхан минь, ямар гоё номнууд вэ? гэж бодсон. Би номонд маш дуртай. Гэхдээ энэ номнууд миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөж байсан, тэд бүгд үнэхээр гайхалтай байсан, миний дотор бахдах гайхах зэрэгцэж байсан.
Энэ үед өрөөнд байсан хүн “Явъя. Би чамд өрөөг үзүүлж, нулимсны тухай тайлбарлаж өгье. Энэ өрөө бол ийм олон өрөөнүүдийн зөвхөн нэг нь. Би энэ өрөөг хариуцдаг” гэж надад хэлэв.
Түүнийг ийнхүү ярьж байтал нэгэн аварга том тэнгэр элч хаалгаар орж ирэв. Би түүний гоо сайхан, сүр жавхланг хараад зог тусав. Тэр урд талдаа дээрээсээ доош алтаар эмжсэн цагаан өнгийн гэрэлтэн туяарах хувцастай байхыг харав. Тэр 3,5 метр орчим өндөртэй асар том далавчтай байсан.
Тэнгэр элч гартаа нэгэн жижиг сав барьсан байв. Энэ алтан сав шингэн зүйлээр дүүрэн байсан (Илчлэлт 5:8-ыг үз). Өрөөнд байсан хүн “Тэр дэлхийгээс нулимс авчирсан байна. Үүгээр бид юу хийдгийг чамд харуулъя” гэв.
Тэнгэр элч түүнд нэгэн хэсэг цаастай хамт савыг өгөв. Цаасан дээр саван доторх нулимсны эзэн буюу нэгэн нэр бичээстэй байв.
Өнөөх хүн цаасан дээрх нэрийг уншиж, савнуудыг хадгалдаг тавиуруудын нэг уруу очив. Тэр хэвтээ пайз бүхий самбаруудаас нэрнүүдийг уншин цаасан дээрх нэртэй тохирч буйг хараад бараг дүүрэн шахуу нэгэн шилэн савыг авч дэлхийгээс авчирсан аяганы хажууд авчрав. Тэгээд дэлхийгээс авчирсан алтан аягатай нулимсыг шилэн сав уруу хийв. “Чамд нэг юм үзүүлье. Дэлхийд энэ тухай хэлээрэй” гэж надад хэлэв. Тэр нэг номыг авч нээгээд “хараарай” гэв.
Номын хуудсууд бүгд хоосон байв. Өрөөг хариуцдаг хүн “Энэ нулимснууд бол дэлхий дээрх ариун хүмүүсийн Бурханы өмнө уйлсан нулимснууд юм. Одоо юу болохыг хараарай” гэв.
Тэгээд тэр номын эхний хуудсан дээр нулимснаас дуслыг унагав. Нулимс номон дээр тусангуут үсэгнүүд тодрон гарч ирэв. Хуудсан дээр сайн үгсүүдийг уран гоё бичлэгээр бичиж буй дүрс тодров. Нулимс хуудас болгон дээр дусах болгонд үгс тодрон гарч хуудсыг дүүргэж байв. Тэр ийм маягаар номын хуудсууд дээр дусааж байв.
Тэр номыг хаасныхаа дараа бүх хүн төрөлхтөнд хандаж буй мэт бас надад ч мөн хандан хэлэхдээ “Хамгийн төгс залбирал бол дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүрх сэтгэлийн нулимсаар угаагдсан залбирал” гэж хэлэв.
Дараа нь солонгын өнгийн далавчтай тэнгэр элч “Явъя. Бурханы алдрыг харцгаая” гэж надад хэлэв.
БУРХАН НОМЫГ НЭЭВ
Гэнэт бид мянга мянган хүмүүс ба тэнгэрлэг биетүүд цугласан асар том уудам газар хүргэгдэн ирэв. Үнэхээр сайхан байсан.
Хэсэг хугацааны дараа хүмүүс аажмаар тарцгааж, Бурханы агуу сүр жавхланг би улам тод харав. Бурханыг магтах хүмүүсийн магтаал аянга мэт нүргэлэн улам хүчтэй болсон. Мэдээ дамжуулагч тэнгэр элч намайг Бурханы хаан ширээ уруу хөтлөв.
Би асар том үүл мананг харсан бөгөөд түүн дотроос Хүний биеийг харсан. Би Бурханы царайг хараагүй боловч Бурханы алдар ба түүний хаан ширээн дээрх солонгыг харсан. Би Бурханы дуу хоолойг сонссон, энэ нь Иоханы дүрслэн хэлсэн шиг байсан. “Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгшиг ая мэт байлаа”(Илчлэлт 14:2). Энэ хүчит газар би хаан ширээний дэргэд байх олон хөтөчтэй морьдыг харсан.
Гэнэт би Бурханы хаан ширээний өмнө тахилын ширээн дээр нэгэн ном байхыг харав. Тэнгэр элч Бурханы өмнө сөгдөж байгааг харав. Гайхаж алмайрсан би нэгэн зүйлийг харсан, үүл манан дотроос хүний гарын дүрс гарч номыг нээсэн. Энэ бол Бурханы гар гэдгийг би мэдcэн.
Бахдан алмайрсан би номноос ямар нэг утаа шиг зүйл гарахыг харав. Гэнэт миний зогсож буй орчин тойронд маш сайхан үнэр гарахыг мэдэрсэн. Тэнгэр элч надад энэ ном бол дэлхий дээрх ариун хүмүүсийн залбирал бөгөөд Бурхан, тэдний чин сэтгэлээс гарсан залбиралд хариулахын тулд тэнгэр элч нарыг илгээдэг гэж хэлэв. Хүн бүр Бурханыг магтан өргөмжилж байв.
Бурхан номыг нээхэд номын хуудсууд агаарт хөөрч морин тэргэн дээр сууж буй тэнгэр элч нарын гар дээр очиж Бурханы дуу хоолой аянгын нүргээн мэт тэдэнд “Тэр эрэгтэйн залбиралд хариул, тэр эмэгтэйн залбиралд хариул” гэж хэлэхийг сонссон.
“Миний төөрөн явсныг Та тоолсон билээ. Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү? Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ. Бурханы дотор би үгийг магтана. ЭЗЭН дотор би үгийг магтана. Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?” (Дуулал 56:8-11)
Бурханы амьд Үгэн дээр Бурхан бидний нулимсаар юу хийдгийг хэлж байна. Бурханы сүр жавхлан, гайхамшгийг мэдэх нь ямар сайхан бэ? Түүний өршөөл энэрлийг хүлээн авах нь ямар гайхамшигтай вэ? Тэр бидний нулимсыг хүртэл хайрлан тэтгэдэг.
Бичээсийн олон ишлэлүүд бидний нулимс, уйтгар гуниг болон бидэнд хандсан Бурханы тайвшралыг өгүүлдэг. Эдгээрийг уншиж, баярлан хөөрөгтүн:
“Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно.”
(Хаадын дэд 20:5)
“Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог. Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн. Миний бүх өстнүүдээс болж нүд минь харанхуйлсан. Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд. Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон. ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.”
(Дуулал 6:6-9)
“Учир нь Та миний сэтгэлийг үхлээс, Нүдийг минь нулимснаас, Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.”

(Дуулал 116:8)
Нулимс дуслуулан үр суулгагчид Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно. Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.

(Дуулал 126:5-6)
“Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.”

(Исаиа 25:8)
“ЭЗЭН ингэж айлдаж байна. "Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь. Учир нь чиний үйлс шагнагдана" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.”

(Иеремиа 31:16)
“Яагаад гэвэл сэнтийний голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.”

(Илчлэлт 7:17)
“Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.”

(Илчлэлт 21:4)
“ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.”

(Исаиа 35:10)
Бурханд алдрыг өргөе. Тэнгэрийн улс бол бодит. Бид тэнд очих болно. Бид тэнгэрийн улс уруу очиход үүлэн дээгүүр хөвдөг хий сүнснүүд шиг байхгүй.
Тэнгэрийн улсын нэг гайхамшигтай зүйл бол бидний нулимс, уйтгар гуниг Бурханы Үгэнд амласны дагуу мөнхийн баяр жаргалаар солигдох болно. Үүнээс ч хавьгүй их зүйлийг бид үзэх болно.
Үргэлжлэл бий ...