BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, December 25, 2009

"Тамын бодит үнэн" 5, 6-р бүлэг

Тавдугаар бүлэг
Туннел дэх аймшиг
Би тамд үзсэн зүйлүүдээ эргэн санахыг хичээж байна. Гэвч энэ удаагийнх шиг аймшигтай зүйлийг Эзэн надад харуулж байгаагүй. Там бол хүний бодол төсөөллөөс хэдэн зуу дахин аймшигтай. Тэнд сүнснүүд үүрд тамлагдан зовно гэж бодохоос миний сэтгэл шаналж байна. Тэндээс гарах ямар ч арга зам байхгүй.
Энэ аймшигтай газраас сүнснүүдийг аврахын тулд би чадах бүхнээ хийнэ гэж шийдсэн.Там бол бодит бөгөөд өөрийн нүдээр харсан учраас би уулзсан хүн болгондоо сайн мэдээг тараах болно. Та миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Хэрэв гэм нүгэлтэй хүмүүс сайн мэдээнд итгэхээс татгалзвал гарцаагүй энд ирэх болно.
Эзэн Есүс Христэд итгэж, гэмээсээ аврагдахын төлөө түүнийг дууд. Иохан номын 3, 14-р бүлгүүдийг унш. Там болон бусад зүйлийн талаар сайн ойлгохын тулд энэ номыг бүхэлд нь уншихыг гуйж байна. Номыг уншиж байхдаа Есүсийг зүрх сэтгэлдээ урьж, хожимдохоосоо өмнө гэм нүглээсээ ариусгагдахыг гуй.
Есүс бид хоёр там дундуур дахин алхав. Бидний явж буй зам хуурай, эзгүй, хагарч бутарч, шатсан байв. Миний нүд гүйцэж үл харж чадах галтай нүхнүүд жирийн харагдаж байсан. Би их ядарч байв. Тэнд сонсож, харсан зүйлүүдээсээ болж зүрх сэтгэл, сүнс минь өвдөж байв. Гэвч миний өмнө өөр олон зүйлүүд хүлээж байгааг мэдэж байв. “Есүс ээ, надад хүч чадал өгөөч” гэж би хашгирав.
Би Есүстэй хамт явж байхдаа түүний хойноос ойрхон даган явж байв. Тэнд харсан аймшгуудаас болж би уй гашуугаар дүүрэн байв. Надад дэлхий итгэх болов уу гэж би бодож байв. Миний баруун, зүүн, бүхий л талд миний нүд гүйцэж үл харж чадах галтай нүхнүүд байв. Миний эргэн тойрон гал болон шатаж буй сүнснүүдээр хүрээлэгдсэн байсан. Би айснаасаа болж орилж байв. Жинхэнэ аймшиг, үнэн бодит байдал хоёр надад тэр бүх зүйлийг даван гарахад хэцүү болгож байв.
“Дэлхий минь ээ, гэмшээрэй” гэж би уйлж байсан. Есүстэй явж байхдаа миний сүнс чичрэн уйлж байв. Дараа нь юу болох бол гэж би бодож байв. Миний найзууд болон гэр бүлийнхэн маань яг энэ мөчид юу хийж байгаа бол гэж бодож байв. Би тэдэндээ ямар их хайртай вэ! Би Есүс уруу ирэхээсээ өмнө ямар их гэм нүгэлтэй байснаа санаж, дэндүү хожимдохоосоо өмнө Есүс дээр ирсэндээ Бурханд талархаж байв.
Есүс “Бид одоо тамын гэдэс уруу биднийг аваачих туннел уруу орж байна. Там бол дэлхийн төвд нуруугаараа харан хэвтэж байдаг. Там нуруугаараа налан хэвтэж байдаг бөгөөд түүний гар, хөлнүүд хоёр тийшээ дэлгэгдэн хэвтсэн байдаг. Бид итгэгчид нэгэн биеийг бүрдүүлдэг шиг там ч гэсэн гэм нүгэл, үхлийн биетэй. Христийн бие өдөр бүр байгуулагдаж байдаг шиг тамын бие өдөр байгуулагдаж байдаг” гэж хэлэв.
Туннел уруу очих замд бидний хажуугаар галтай нүхнүүд өнгөрөн, миний чихэнд тэдний орилж хашгирч байгаа дуу сонсогдсоор байв. Олон сүнснүүд Есүс уруу хашгирч байв. Зарим нь түүнд хүрэхийн тулд нүхнээсээ гарахыг хий дэмий оролдсоор байв. Дэндүү оройтсон, дэндүү оройтсон гэж би уйлж байв. Есүсийн царай үргэлж гунигтай харагдаж байсан. Би галтай нүхнүүд уруу харж байхдаа бид гэртээ байшингийнхаа хойно хэрхэн гал асааж хоол хийж иддэг байсан минь санагдаж байсан. Тэр дүр зураг одоо миний өмнө бодитоор харагдаж байв.
Бид туннел уруу орж ирэхэд би Бурханд талархаж байв. Энд галтай нүхнүүдээс арай дээр байх гэж бодсон. Гэвч миний буруу байв. Туннел уруу оронгуут би том том могойнууд, хархнууд, муу сүнснүүд Эзэний оршихуйгаас зугтаж байгааг харав. Могойнууд бидэн уруу исгэрч, хархнууд жингэнэлдэн дуугарч муу ёрын дуу чимээнүүд энд тэндгүй гарахыг сонсов. Бидний эргэн тойронд харанхуй нөмөрлөж байв. Зөвхөн Есүсийн гэрэл туннелд цацарч байсан. Би түүнтэй аль болох ойрхон явахыг хичээв. Жижигхэн чөтгөрүүд, муу сүнснүүд туннелын хаа сайгүй орж гаран явж байв. Сүүлд нь би эдгээр муу сүнснүүд Сатаны даалгаврыг биелүүлэхийн тулд дэлхий уруу илгээгддэгийг мэдсэн. Энэ харанхуй, чийглэг, бохир газар би айдаст автагдахад Есүс “Бид удахгүй туннелын төгсгөлд хүрэх болно. Чамд би эдгээр зүйлүүдийг үзүүлэх хэрэгтэй. Намайг дагаарай” гэв.
Аварга том могойнууд бидний хажуугаар гулсан өнгөрөв. Зарим могойнууд 1 метр орчим бүдүүн, 8 метр орчим урт байсан. Бохир муухай үнэр нэвт үнэртэж, муу сүнснүүд хаа сайгүй байсан.
Есүс “Бид удахгүй тамын гэдэс уруу очих болно. Тамын энэ хэсэг бол 27 км өндөр, 5 км орчим дугуй тойрог хэлбэртэй газар. Есүс надад энэ газрын хэмжээг тодорхой хэлж өгсөн.
Би тамд харсан зүйлүүдийг аль болох сайн санахыг хичээх болно. Би энэ бүгдийг Бурхан Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдрын төлөө хийх болно. Бурханы хүсэл биелэх болтугай. Дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс тамыг ямар ч үнээр хамаагүй зогсоохын тулд надад энэ бүх зүйлүүдийг харуулсан гэдгийг би мэддэг. Хэрэв та энэ номыг уншиж байгаа бол, Есүсийг мэддэггүй бол яг одоо гэм нүглээ зогсоож, Түүнийг өөрийн Аврагчаа болгон хүлээн авагтун.

Зургадугаар бүлэг
Тамын үйл ажиллагаанууд

Бидний өмнө бүдэг шар туяа цацарч байв. Есүс бид хоёр айдас хүйдэс дүүрэн туннелээс гарч ирэхэд тамын гэдэс уруу харсан нэгэн жижиг толгодын ирмэг дээр зогсож байсан. Миний нүд тамын гэдсэнд явагдаж буй тоо томшгүй үйл ажиллагаануудыг харж байв.
Бид зогсоход Есүс над уруу хандан: “Би чамайг тамын гэдсэнд аваачих болно. Би чамд олон зүйлүүдийг харуулах болно. Намайг дагаарай” гэв. Бид цааш үргэлжлүүлэн алхав.
Есүс: “Бидний өмнө аймшигтай олон зүйл тааралдах болно. Тэдгээр нь ямар нэг хүний сэтгэмж, төсөөлөл биш харин бодит зүйл. Хүмүүст муу ёрын сүнс ба түүний хүч чадал бодитой гэдгийг хэл. Сатан ба харанхуйн хүч чадал бодит бөгөөд миний хүмүүст бүү шантарч няцагтун гэдгийг хэл. Миний нэрээр дуудагдсан хүн болгон хэрэв өөрсдийгөө даруу болгож, өөрсдийн гэм нүгэлтэй байдлаасаа буцах юм бол тэднийг би тэнгэрээс сонсож, тэдний газар нутаг, бие махбодыг эдгээх болно гэж хэл. Тэнгэрийн улс бодитой байдаг шиг там ч бас бодит гэдгийг хэлээрэй” гэв.
Бурхан таныг тамын тухай мэдэж, тэр газраас аврахыг хүсч байна. Танд аврагдах гарц бий шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Тэр зам бол таны сүнсний Аврагч Есүс Христ шүү. Зөвхөн Амийн номонд нэр нь бичигдсэн хүмүүс аврагдах болно гэдгийг санагтун.
Бид тамын гэдсэнд явагдаж буй эхний үйл ажиллагаан дээр ирэв. Энэ нь бидний орж ирсэн газраас баруун тийшээ нэгэн жижиг толгод дээрх харанхуй булан байв. Эзэн надад хэлж буйг би сонсов. “Би чамайг зарим үед хэсэг зуур орхисон юм шиг санагдах болно. Гэвч би чамайг хэзээ ч орхихгүй гэдгийг санагтун. Надад тэнгэр газар дахь бүх эрх мэдэл, хүч чадал бий гэдгийг санаарай. Зарим үед муу сүнснүүд болон энд үүрд алдагдсан сүнснүүд биднийг харж чадахгүй. Бүү айгтун. Чиний одоо харах гэж бүх зүйл бодит. Тэдгээр нь энд одоо ч болсоор байгаа бөгөөд үхэл ба там эцсийн цаг мөчид галтай нуурт хаягдах хүртэл үргэлжилсээр байх болно гэдгийг санагтун”.
Хүмүүс ээ, таны нэр Амийн номонд бичигдсэн эсэхийг сайтар мэдээсэй гэж би хүсч байна.
Бидний өмнө зовон тарчилж буй сүнснүүдийн хашгиралдаан уйлах дуу сонсогдож байв. Бид жижиг толгод дээр гарч зогсоод цааш харав. Гэрэл орчин тойрныг гэрэлтүүлж байсан учраас би харж чадаж байв. Хүмүүсийн аймшигтайгаар орилож чарлахыг би сонсов.
Есүс надад “Намайг сонс. Чиний одоо харах гэж буй зүйл бодит бөгөөд сайн мэдээний үйлчлэгч нар одоо сонсогтун, эдгээр бүх зүйл үнэн гэдгийг мэд. Эзэн Есүс Христийн тухай сайн мэдээг тараахаар дуудагдсан бүх хүмүүс, Миний Үгийг тунхаглаж буй сайн мэдээ тараагч, номлогч, багш нар сэрэгтүн. Хэрэв чи гэм нүгэл хийж байгаа бол гэмш, үгүй бол чи зовон тарчилж буй эдгээр сүнснүүдийн нэгэн адил мөхөх болно” гэв. Бид тамын эхний үйл ажиллагаа болж байгаа газар уруу 5 метр дөхөн ирсэн. Би нэгэн авс шиг зүйлийг тойрон алхаж буй хар дүрснүүдийг харав. Сайн дөхүүлэн харахад тэдгээр дүрснүүд муу сүнснүүд байв. Тэд 12-лаа байсан бөгөөд авсыг тойрон явж байхдаа дуулалдан инээлдэцгээж байв. Тэд бүгд гартаа жижиг жад барьсан байсан бөгөөд авсны эргэн тойронд гарсан нүхнүүд уруу сүлбэн хатгаж байв. Аймшигтайгаар зовон тарчилж буй хүний хашгирах дуу орчныг цуурайтуулахад би өмнөө болж байгаа үйл явдалд дагжин чичирсэн.
Есүс миний бодлыг мэдэж, надад хандан “Охин минь, энд олон сүнс тарчилж байгаа, бас олон янзын тарчлал бий. Сайн мэдээг зааж байсан хирнээ гэм нүгэл үйлдсэн эсвэл өөрсдийн дуудлагаа дагаж чадаагүй хүмүүс илүү их шийтгэгдэх болно” гэв.
Тэр хүний хашгирах дуу намайг цөхрөл зовлонд оруулсан. Тэр хүн “Найдвар алга, найдвар алга” гэж хэлж байв. Энэ цөхрөлийн дуу авсан дотроос сонсогдож байсан бөгөөд зогсолтгүйгээр орилон хашгирч байсан.
“Бурхан минь ээ, ямар аймшигтай юм бэ?”
Есүс “ Нааш ир, ойроос хар” гэв. Есүс авс уруу дөхөж, дотор тал уруу нь харав. Би ч бас дагав. Муу сүнснүүд биднийг харахгүй байв.
Авсан дотор бохир саарал дүрс харагдав. Энэ нь тэр хүний сүнс байсан бөгөөд муу сүнснүүд авсны нүхээр жадаа шургуулахад тэр хүний сүнсийг нэвт хатгаж байсан.
Өвдөлт, шаналал зовлонгоор дүүрэн энэ хүний дууг би хэзээ ч мартаж чадахгүй. “Түүнийг гаргаач, түүнийг эндээс гаргаач дээ” гэж би Есүс уруу хашгирсан. Тамлагдан зовж байгаа энэ хүнийг харахад үнэхээр аймшигтай байсан. Түүнийг аварч чаддаг ч болоосой. Би Есүсийн гараас татаж, авсан дотроос тэр хүнийг гаргахыг гуйж байв.
Есүс над уруу харж, “Охин минь, амар тайван байгтун” гэж хэлсэн.
Есүс надтай ярьж байтал тэр хүн биднийг харсан. Тэр “Эзэн минь ээ, Эзэн минь ээ, намайг эндээс гаргаач. Намайг өрөвдөөч” гэж хэлсэн. Би түүн уруу харахад цусанд хутгалдсан түүний бохир заваан биеийг харсан. Миний өмнө тэр хүний сүнс байсан бөгөөд түүний зүрхнээс цус олгойдон гарч байсан. Жад түүний зүрхийг нэвт хатгаж байсан. “Эзэн минь ээ, би одоо Танд үйлчлэх болно. Намайг эндээс гаргаач дээ” гэж тэр хүн хэлж байв. Тэр хүн зүрхийг нь нэвт хатгах жадны хатгалт бүрийг мэдэрч байгааг би мэдсэн.
Эзэн надад “Тэр энд өдөр шөнөгүй тарчилдаг. Сатан түүнийг энд хийсэн бөгөөд Сатан бас түүнийг тамлан зовоодог” гэж хэлэв.
“Эзэн минь ээ, би одоо сайн мэдээний үнэнийг тунхаглах болно. Би хүмүүст гэм нүгэл болон там гэж юу болохыг хэлэх болно” гэж тэр хүн хэлэв.
Есүс “Энэ хүн Бурханы Үгийг номлодог хүн байсан. Тэр надад бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэн олон хүнийг аврал уруу авчирдаг байсан. Түүгээр дамжуулан аврагдсан зарим хүмүүс өнөөдрийг хүртэл намайг дагасаар байдаг. Гэвч энэ хүн дэлхийн зугаа цэнгэл, эд мөнгөний хуурамчид итгэлээ алдсан. Тэр Сатанд өөрийг нь захирахыг зөвшөөрсөн. Түүнд том цуглаан, сайхан машин, маш их орлого байсан. Гэвч тэр цуглааны өргөлөөс хулгайлах болсон. Тэр худал зүйл номлодог болсон. Тэр үнэн худал хоёрын хооронд ярьдаг болж, Намайг өөрийг нь сахилгажуулахыг зөвшөөрөөгүй. Би түүн уруу өөрийн элч нарыг илгээж, гэм нүгэлдээ гэмшиж үнэнийг номлохыг хэлсэн боловч тэр энэ дэлхийн зугаа цэнгэлийг Бурханы амиас илүүд үзсэн. Тэр Библид заагдсан үнэнээс өөр зүйлийг номлож болохгүй гэдгийг мэдэж байсан. Тэр үхэхээсээ өмнө Ариун Сүнсний баптисм бол худал бөгөөд Ариун Сүнстэй гэж хэлсэн хүн болгон хуурамч итгэгчид гэсэн. Тэр хэлэхдээ архи уудаг хүн Бурханы өмнө гэмшээгүй ч гэсэн тэнгэрийн улсад орж болно гэж хэлсэн. Бурхан сайн учраас хэнийг ч тамд орохыг зөвшөөрөхгүй гэж хэлдэг болсон. Тэр олон сайн хүнийг Эзэний нигүүлслийг орхиход хүргэсэн. Тэр өөрөө өөртөө бурхан болж, Бурхан надад хэрэггүй гэж хэлсэн. Тэр энд тэнд семинар хийж, ийм зүйлийг номлох болсон. Тэр Миний Ариун Үгийг улан дороо гишгэсэн. Гэсэн ч би түүнийг хайрласаар байсан.
“Охин минь, хүн намайг танин мэдсэнийхээ дараа надаас урваснаас намайг огт таниагүй байсан нь хамаагүй дээр” гэж Эзэн хэлэв.
“Эзэний үгийг сонссон ч болоосой. Өөрийнхөө сүнсний төлөө болон бусдын сүнсний төлөө санаа тавьсан ч болоосой” гэж би түүний төлөө харамсаж байсан.
“Тэр намайг сонсоогүй бөгөөд түүнийг дуудахад тэр намайг сонсоогүй. Тэр амар хялбар амьдралд дурлах болсон. Би түүнийг гэм нүгэлдээ гэмшихийг ятгасан боловч тэр над уруу ирээгүй. Нэгэн өдөр тэр бусдын гарт амиа алдаж энд ирсэн. Одоо Сатан түүнийг Миний Үгийг номлож, олон хүнийг над уруу авчирч байсных нь төлөө тамлан зовоож байна. Энэ бол түүнд оногдсон тамлал” гэв.
Муу сүнснүүд авсыг тойрон алхаж байгааг харав. Түүний зүрх нь хүчтэй цохилж, жинхэнэ цус садран гарч байгааг би харсан. Түүний өвчин шаналал, уй гашууд баригдсан дуу хоолойг би хэзээ ч мартахгүй.
Есүс авсан дотор байгаа хүнийг өрөвдөн харж байхдаа “Түүний гар алдагдсан олон сүнснүүдийн цусаар бузарлагдсан. Тэдний олонх нь энд одоо тамлагдан зовж байна” гэсэн. Есүс бид хоёр гунигт автсан чигтээ цааш алхав.
Биднийг тэндээс холдон явахад хэсэг муу ёрын сүнснүүд авс уруу ойртон ирж байхыг харсан. Тэд 1 метр орчим өндөртэй, толгой дээгүүрээ хар юүдэн нөмөрсөн хар хувцастай байсан. Тэд тэр хүнийг тамлан зовоохоор ээлж солилцож байсан.
Бид өөрсдийн алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч уучлал гуйхдаа хичнээн их бардам юм бэ гэж би бодож байсан. Бид өөрсдийгөө даруу болгож өөрсдийн гэм нүгэлдээ гэмшихээс татгалздаг, зөвхөн би л гэмгүй ариун гэж боддог. Гэвч та сонсооч, там үнэхээр байдаг. Тийшээ очихыг та өөртөө бүү зөвшөөрөөч.
Дараа нь Есүс надад дэлхий дээгүүр сунан тогтсон нэгэн аварга том цагийг харуулсан. Цагийн зүүний урагшлан явах чимээг би тод сонсож байв. Түүний богино зүү 12 цаг болоход ойртсон байсан бөгөөд урт зүү нь эргэлдэн явсаар 12-т гурван минут дутуу байхад зогсов. Дараа нь урт зүү дахин хөдөлж эхлэхэд түүний дуугарах чимээ дэлхий даяар хүчтэй сонсогдсон.
Бурханы дуу хоолой бүрээн дуу мэт, усны хүрхрээ мэт ярьж эхэлсэн. Бурхан: “Ариун Сүнс өөрийн цуглаануудад юу гэж хэлэхийг сонсогтун. Бэлэн байгтун. Та нарыг мэдэхгүй байхад би ирэх болно. Цаг урагшилсаар байна. 12 цаг болж байна. Сүйт залуу сүйт бүсгүйгээ авахаар ирж байна” гэсэн.
Найз минь, Есүс удахгүй ирэх гэж байна, чи бэлэн байна уу? Эсвэл чи “Өнөөдөр Есүс ирэхгүй” гэж хэлдэг хүмүүсийн нэг үү? Түүний нэрийг дуудан өнөөдөр чи аврагдахыг хүсч байна уу? Өнөөдөр түүнд зүрх сэтгэлээ өгөхийг хүсч байна уу? Хэрэв чи өнөөдөр Есүсийн нэрийг дуудан гэм нүгэлдээ гэмших юм бол Есүс чамайг бузар муугаас салгаж аварч чадна гэдгийг санагтун. Гэр бүлийнхнийхээ төлөө болон хайртай дотны хүмүүсийнхээ төлөө залбирч дэндүү оройтохоосоо өмнө Есүст итгэж аврагдахыг хүсэн залбирч гуй.
“Би чамайг бузар муугаас хамгаалж, чиний бүх замыг хамгаалах болно. Чамайг болон чиний хайртай хүмүүсийг аврах болно. Өнөөдөр намайг дуудаж, амийг ол” гэж Есүс хэлснийг битгий март.
Энэ зүйлийг уншиж байгаа та бүхнийг дэндүү оройтохоосоо өмнө үнэнийг ухаараасай гэж би залбирч байна. Там бол үнэхээр бодит бөгөөд тэнд үзэж харж сонссон бүхнээ би та нарт харуулахыг бүх хүч чадлаараа чармайж байна. Надад тохиолдсон энэ бүх зүйл үнэн гэдгийг би мэднэ. Таныг Есүс Христийн өмнө гэмшиж түүнийг өөрийн Аврагч Эзэнээ болгон хүлээн авахыг би сануулж, залбирч байна.
Есүс надад “Явах цаг боллоо. Бид маргааш энд дахин ирэх болно” гэж хэлэв.