BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Saturday, July 18, 2009

Тэнгэрийн улс үргэлжлэл


Бурханы хаан ширээ
Тэнгэрийн улс бол бодитой. Энэ бол үнэн бодит хувь заяа. Энэ бол ямар нэг бодол төсөөлөл эсвэл унтаад сэрэх зүүд биш. Бурхан бидэнд Бичээсээр дамжуулан тэнгэрийн улсын бодит олон зүйлүүдийг илэрхийлсэн.
Нэг дэх тэнгэр
Эхлээд тэнгэр байдаг. Энэ бол дэлхийг тойрон байдаг агаар мандал юм. Энэ бол шувууд нисч, салхи салхилан, бороо ордог тэнгэр юм. Тэнгэрийн тухай Үйлс 1:11-д тэнгэр элчийн тухай дурддаг “... юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ?” гэсэн хэсэгт гардаг. Есүс Эцэгтэйгээ ярьж байхдаа “... тэнгэр өөд мэлмий өргөн...” ярьсан (Иохан 17:1).
Хоёр дахь тэнгэр
Дараа нь сансар огторгуй байдаг. Энэ бол нар, сар, од гариг байдаг хэсэг. Библид энэ тухай дурдсан байдгаас цөөхнийг дурдвал:
Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.
(Эхлэл 22:17)
Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.
(Дэд хууль 4:19)
Чи Мичид зургааг холбож, Марал гурвыг салгаж чадах уу?
Чи оддын ордуудыг улиралд нь удирдаж, Долоон бурханг түүний дагуулаар залж чадах уу?
Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэж, тэдгээрийн газар дэлхий дээрх хуулиудыг тохируулж чадах уу?
(Иов 38:31-33)
Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.
(Исаиа 13:10)
Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
(Матай 24:29)
Гурав дахь тэнгэр
Зөвт хүмүүсийн хувь заяа агаар мандал, сансар огторгуйгаас цаана оршдог. Энэ газрын тухай Паул “Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу, эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ” гэж хэлсэн байдаг (2 Коринт 12:2).
Миний номонд хэрэглэгдэх энэ нэр томьёо бол Бурханы шууд оршихуйг илэрхийлж буй газар юм.
"Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ."
(Еврей 9:24)
Гурав дахь тэнгэр бол Бурханы амьдарч буй газар юм \орч. тэнгэрийн улсыг хэлж байна\. Есүс бидэнд хэрхэн залбирахыг заахдаа "Тэнгэрт байгаа бидний Эцэг минь... “ гэж заасан (Mатай 6:9).
Хаадын дээд 8:30-д тэнгэрийн улс бол Бурханы орших газар гэж нэрлэгдсэн байдаг. Дуулал 11:4–д энэ газрыг Бурханы ариун сүм, түүний хаан ширээ орших газар гэж хэлжээ.
Энд Бурханы тэнгэрлэг сүр жавхлан, хүч чадал маш тод илэрхийлэн харагдах болно. Энэ бол хайр, гэрэл, баяр жаргал, яруу алдрын ариун газар юм. Бид энэ газар яг хаана байдгийг мэдэхгүй ч Библид энэ газрыг “дээр орших газар” гэж хэлсэн байдаг.
Бид Агуу Хүчит Бурхан тэнгэрийн улсад оршдог гэдгийг мэддэг. Тэнд Бурхан ба Есүс Христ хоёр бүх ариун хүмүүс, тэнгэр элчүүд, тэнгэрлэг биетүүдийн магтан алдаршуулах гол төв нь байх болно.
Тэнд ямар гайхамшигтай яруу алдар байх бол оо? Тэнгэр элчүүд тэнд байх болно, Есүс хэлэхдээ “... Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг” (Maтай 18:10) гэсэн.
Тэнд ариун хүмүүс байх болно, Есүс "... Би хаана байна, та нар мөн тэнд байх болно”гэж амласан (Иохан 14:3). 1Петр 1:4-т бидэнд зориулан хадгалагдаж байгаа тэнгэрийн улсын баялаг хэзээ ч мөхөж, муудаж алга болохгүй гэж хэлсэн байдаг.
Ариун хүмүүс ээ, эдгээр Библийн ишлэлүүд тэнгэрийн улсад очсон миний айлчлалыг гэрчилж байгаа юм. Та бүхэнд тэнд харсан зүйлүүдийн талаар болон уулзсан хүмүүсийн талаар гэрчлэхдээ миний сэтгэл маш их хөдөлж байна.
Тэнгэрийн улсын магтаал
Бурханы тэнгэр элч надад нулимсны өрөөг үзүүлсний дараа тэнгэрийн улсад олон удаа хэлэгддэг үгийг “Явцгаая, Бурханы алдрыг харцгаая” гэж хэлэв.
Тэнгэрийн улсын сүр хүчит, яруу алдарт цог жавхлан намайг дүүргэв. Тал талаас цацрах яруу алдарт гэрэл миний биеийг нэвтлэн дүүргэхийг би харав. Тэр гайхамшигт газрын гоо үзэсгэлэн, аз жаргалыг хүн өөрийн нүдээр үзэхээс нааш дүрслэн илэрхийлэхийн аргагүй.
Яг тэр мөчид хэн нэгний хэлсэн үгс санагдаж байв.
Тэнгэрийн улсын гэрэл бол
Есүсийн царай
Тэнгэрийн улсын баяр хөөр бол
Есүсийн оршихуй
Тэнгэрийн улсын эв нэгдэл бол
Есүсийн магтаал
Тэнгэрийн улсын сэдэв бол
Есүсийн ажил
Тэнгэрийн улсын ажил бол
Есүсийн үйлчлэл
Тэнгэрийн улсын цогц бол
Есүс өөрөө юм.
Тэнгэр элчтэй хамт явж байхдаа би хаа сайгүй баяр хөөр, амар тайван, аз жаргалыг мэдэрч байсан. Би дэлхий дээрх гэр бүлийнхнийхээ талаар бодож байтал тэнгэр элч миний бодлыг мэдэж байх шиг санагдсан. Тэр “Чамд Бурханы өгсөн даалгавар бий. Чи дэлхийд энэ газрын тухай хэлэх хэрэгтэй. Бурхан чамд тэнгэрийн улсын зарим хэсгийг үзүүлнэ. Явж, Бурханы алдрыг харцгаая” гэв.
Биднийг очих газраа хүрэхэд Бурханыг магтан дуулж буй олон хүмүүсийн дууг сонсов.
Тэнгэрийн улсын гайхамшигт дуу хөгжим миний сэтгэлийг хөдөлгөж, тэнгэрийн улсын серафим, ариун хүмүүсийн тасралтгүй үргэлжлэх магтан хүндэтгэлийн дуу өргөн их уудам газар сүр жавхлантайгаар цуурайтан эгшиглэсээр байсан.
Хаан ширээнд дөхөн очихуй
Миний сэтгэл баяр хөөрөөр өргөгдөж хязгааргүй их баяр жаргалыг мэдрэв. Бурханы хаан ширээнд дөхөн очиж байгааг би мэдсэн.
Намайг дагуулан явж байсан тэнгэр элч Хаан ширээнээс хол зайтай зогсоход тэнд болж байгаа бүх үйл явдлыг бүхэлд нь харж чадах боломжтой болгов. Би Иоханы Илчлэлт номонд дүрслэн хэлсэнчлэн үйл явдлыг харсан.
"Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дуут сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ."
(Илчлэлт 5:11)
Дэлхий минь ээ, Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст юу бэлдсэнийг чи мэддэг ч болоосой!
Намайг өмнөө болж байгаа үйл явдалд бүрэн автагдахад бүр ч их гайхалтай зүйлс болж эхлэсэн. Бурханыг магтаж буй мянга мянган дуу хоолойнууд нүргэлэн цуурайтав. Дараа нь гайхамшгийн дээд гайхамшиг болсон. Тэнгэр элч надад миний үргэлж харахыг хүсдэг байсан зүйлийг, Хаан ширээг харуулсан.
Бурханы сүр жавхлант хаан ширээ
Бурханы хаан ширээ өндөрт өргөмжлөгдсөн байсан. Түүний сууриас Амийн ариун, үзэсгэлэнтэй гол урсан гарч байсан. Бурханы алдар хаан ширээг дүүргэж байсан. Хаан ширээг тойрон аянга цахилгаан, нүргэлэн цуурайтах дуу чимээ шиг зүйл гарч байсан. Иохан тэнгэрийн улсын илчлэлтэндээ:
"Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон Сүнс болох долоон дэнлүү сэнтийний өмнө асаж байв"
(Илчлэлт 4:5) гэж хэлсэн.
Хаан ширээн дээр болон эргэн тойронд нь нум хэлбэртэй солонго “... маргад эрдэнэ мэт...” (Илчлэлт 4:3). харагдаж байсан. Солонгын гайхамшигт туяа олон өнгийн гэрлээр цацран хүчтэй нүд гялбам гэрлийг бий болгож байв.
Дэлхий дээр ийм зүйлийг би урьд өмнө хэзээ ч харж байгаагүй. Олон өнгийн хурц тод гэрлүүд хүч чадал, сүр жавхланг илтгэж байсан. Хаан ширээнээс гайхамшигтай гэрэл цацран гийж байсан. Түүнээс Бурханы алдрын туяа цацарч байсан. Тэнгэрийн улсад маш олон зүйл тунгалаг юм шиг харагддаг, гэхдээ хаан ширээнээс гарч буй энэ гэрэл туяанууд бүх л газрыг дүүргэн гэрэлтүүлж байсан!
Тэнд би хир удаан байснаа мэдээгүй, гэвч би алмайран зогсож байсан. Энд хичнээн хүн байгаа, бас дэлхийгээс хичнээн хүн ирэхийг би бодож байсан. Бурханы ариун чанар, Түүний сүр жавхлангийн ариун байдал, Түүний Үгийн төгс төгөлдөр байдлыг би бодож байсан. “Өө, Бурхан минь ээ, Таны сүр жавхлан, Таны дээд оршихуй, Таны хүч чадал ямар агуу вэ” гэж би хашгирч байсан.
Дараа нь Эзэний тэнгэр элч надад “Явцгаая. Тэнгэрийн улсад чамд үзүүлэх юм зөндөө байна” гэж хэлэв.
Тэмдэглэлийн өрөө
Би тэмдэглэлийн өрөөг хараад үнэхээр гайхан бахдсан. Тэнгэр элч надад энэ өрөөнд Бурханы нэрийг алдаршуулан өргөж байгаа дэлхий дээрх сүм цуглаан болгонд, гэр бүл болгонд болж буй үйл явдлыг тэмдэглэдэг гэж хэлэв.
Бурхан бас түүний хүслээс гадуур явж байгаа тэдгээр хүмүүсийг тэмдэглэдэг. Тэнгэр элч надад бас сүм цуглаанд хүмүүс хандив, мөнгөө ямар хандлагатайгаар өгч байгааг тэмдэглэж байгааг харуулсан. Тэр надад олон хүн мөнгөтэй боловч Эзэний ажилд зориулан өгдөггүй гэж хэлсэн.
Энэ үед надад Есүс Эзэн нэгэн удаа сүмд очихдоо хүмүүс хандив өргөлөө хэрхэн өгч байгааг анхааралтай харж байсан тухай санагдаж байсан:
"Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв. Олон баячуул их хэмжээгээр нь хийж байлаа. 42 Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ. 43 Есүс Өөр уруугаа шавь нараа дуудаад
— Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө. 44 Яагаад гэвэл хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн. Харин энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж айлдав."
(Maрк 12:41-44)
Тэнгэр элч надад тэмдэглэлийн өрөөнөөс гадна маш олон зүйлийн тухай илчлэн харуулсан. Тэр намайг тэдгээр бүх зүйлийн тухай дахин санаж бичихийг хэлсэн. Тэр хэлэхдээ олон зүйл чиний хувьд нууцлаг юм шиг ойлгомжгүй байх болно (1 Коринт 13:12), гэвч тэдгээрийг дахин санаж, дэлхийд энэ тухай хэлээрэй гэж онцолж байсан.
Биднийг тэнгэрийн улсын өөр нэг хэсэгт ирэхэд бид нэгэн урт корридороор явсан. Хананууд нь маш өндөр, саарал төмрөөр хийгдсэн юм шиг харагдаж байсан. Тэнд Бурханы магтаал тасралтгүй урсч байсан. Хананаас ойх гайхамшигтай гэрэл туяаг хараад би гайхан алмайрч байсан. Би зогсоод “Энэ юу вэ?” гэж асуув. Энэ корридор хэдэн мянган бээр урт, төгсгөлгүй үргэлжлэх юм шиг санагдсан.
Бурханы агуулах өрөө
Надад энэ бүхнийг харуулж байсан тэнгэр элч “Хананы дээд хэсэг уруу хар” гэв. Тийшээ харахад “Агуулах өрөө” гэж бичсэн байв. “Энэ ямар учиртай өрөө вэ?” гэж асуухад тэнгэр элч энэ бол Бурханы хүмүүст зориулсан ивээлүүдийг хадгалдаг өрөө гэж хэлсэн!
Тэнгэрийн улс бол төгс ариун газар юм. Бурхан өөрийн хүмүүсээ тэнгэрийн улсын орчныг таалаасай гэж хүсдэг учраас тэднийг ариусгахыг хүсдэг. Тэнгэрийн улс бол баяр хөөрөөр дүүрэн газар бөгөөд Бурхан дэлхий дээрх өөрийн хүмүүстээ баяр хөөрийг өгөхийг хүсдэг. Тэнгэрийн улс бол мөнхийн эрх чөлөөтэй газар бөгөөд Бурхан дэлхий дээр байгаа өөрийн хүмүүстээ чөлөөлөлтийг өгөхийг хүсдэг. Тэнгэрийн улс төгс нэгдэл бөгөөд Бурхан өөрийн хүмүүсээ дэлхий дээр эдгээхийг хүсдэг. Тэнгэрийн улс бол төгс хамгаалалттай газар бөгөөд Бурхан дэлхий дээр байгаа өөрийн хүмүүсээ бат найдвартай, хамгаалалттай байхыг хүсдэг. Тэнгэрийн улс бол үр жимстэй, үр бүтээлтэй газар бөгөөд Бурхан өөрийн хүмүүсээ дэлхий дээр үр бүтээлтэй байхыг хүсдэг.
Есүс бидэнд “...тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай...” (Maтай 6:10) гэж залбирахыг зааж өгөхдөө Бурхан биднийг дэлхий дээр байхдаа тэнгэрийн улсыг амсаасай гэж хүсдэгийг илчилсэн!
Ариун хүмүүс ээ, Эзэн танд зориулсан ивээлүүдийг хадгалж байна. Тэдгээр ивээлүүд таныг, энэ дэлхий дээр байхдаа тэдгээр ивээлүүдийг тунхаглан, хүлээж авахыг хүлээн тэнгэрийн улсад хүлээсээр байна. Бурхан таныг аврахыг хүсч байна. Тэр таныг чөлөөлөхийг хүсч байна, таныг эдгээхийг хүсч байна. Тэр таныг “бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван...”-ыг (Филипой 4:7) мэдэхийг хүсч байна. Тэр танд “... хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөр...” (1 Петр 1:8) өгөхийг хүсч байна.
Эдгээгч Есүс
“Бурханы алдрыг харагтун” гэж тэнгэр элч хэлэв. Тэнгэр элч алга болоход Есүс миний хажууд зогсож байгааг харсан.
Есүс уруу харав. Тэр миний бодож байснаас өндөр харагдсан. Түүний гэрэлтсэн дээл тансаг, зөөлнөөр намиран харагдаж байсан. Түүний сорвитой хөл сандаалных нь цаанаас харагдаж, түүний нүүр царай, үс үзэсгэлэнтэй, цог жавхлантай харагдаж байсан.
Түүн уруу харж байхдаа би “Есүс ээ, энэ өрөөнүүд ямар учиртай вэ?” гэж асуусан.
Эзэн надад юу ч хэлээгүй, тэр гараа өргөн хана уруу чиглүүлэн заасан. Яг тэр үед ханан дээр том цоорхой гарч ирсэн. Энэ цоорхой нүхний эргэн тойронд алдар, хүч чадлын гэрэл цацарч байсан (орч. тэнгэрийн улсын цонхыг хэлсэн бололтой). Энэ зүйл тэнгэрийн улсын бусад бүх зүйлүүдтэй адил Бурханы алдрыг гэрэлтүүлэн харуулж байсан. “Эзэн минь ээ, энэ юу вэ?” гэж би уулга алдсан.
Тэр надад “Охин минь, энэ бол миний хүүхдүүдэд зориулсан зүйл. Энэ бол зөвхөн надад итгэх гэм нүгэлтэй хүмүүст зориулсан зүйл. Би тэднийг бүтэн болгохын төлөө нас барсан.”
Түүний нүд уруу хараад Тэр өөрийн хүмүүсээ “тэр бол Есүс Христ бөгөөд биднийг бүтэн болгохын тулд нас барсан” гэдгийг хэлэхийг хүсч байгааг ойлгосон. Есүс “Дэлхий дээрх хүмүүсийг эдгэрэл хүлээж байна. Дэлхий дээр гайхамшиг, эдгэрэл болох агуу өдрүүд ирж байна” гэж хэлсэн.
Тэр цааш нь “энд чиний нүд гүйцэж үл харж чадах агуулах байшингууд байгаа. Энд байгаа ивээлүүд зөвхөн итгэсэн нэгэнд очихыг хүлээн байсаар байна. Хүн зөвхөн “Би бол Эзэн Есүс Христ бөгөөд энэ бүгдийг хийж чадна гэдэгт итгэж, миний бэлгүүдийг хүлээн авах итгэлтэй байх хэрэгтэй. Чи дэлхий дээр очихдоо үүнийг хэлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэр онцлон “эдгэрлийг хийж байгаа нь чи биш харин Би Эдгээгч. Миний Үгийг хэлж залбир, тэгээд би эдгээх болно. Намайг эдгээнэ гэдэгт итгэ” гэж хэлсэн.
Би “Бурханыг магтъя. Халлелүүяа. Есүс тандаа баярлалаа” гэж хашгирав. Есүс гараа доош буулгахад ханы цоорхой эргээд битүүрсэн.
Дараа нь тэнгэр элч бид хоёр өөр нэгэн газар уруу маш хурдтайгаар явсан. Тэнд бас л Бурханы хүмүүсийн сүр жавхлант магтаал, дуу хөгжим сонсогдож байв. Тэнгэр элч надад “Охин минь, Эзэн надад хэд хэдэн зүйл чамд харуулахыг тушаасан. Тэдгээр зүйлүүдийн тухай дэлхийд хэлээрэй” гэж хэлэв.
Үргэлжлэл бий ...