BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, July 10, 2009

"Тэнгэрийн улс" үргэлжлэл


ТӨГС НЭГДЭЛ
Хүн ба Бурханы хоорондох хэзээ ч үл тасрах харилцаа тэнгэрийн улсад сэргээгдэх болно. Адам, Ева хоёрыг Еден цэцэрлэгт байх үед Бурхан дэлхий дээр ирдэг байсан. Үүний дараа гэм нүгэл, дуулгаваргүй байдал Бурхантай харилцах харилцааг таслахад Тэр хүн төрөлхтөнтэй эвлэрэх гэсэн өөрийн хүслээ харуулсаар байсан.
Түүний хүн төрөлхтөнд зориулсан төгс хайрын илэрхийлэл бол Өөрийн хүүгээ загалмай дээр ямар ч өршөөл энэрэлгүйгээр алуулахыг зөвшөөрсөн явдал юм. Зөвхөн Христийн үхэл ба амилалт нь хүнийг Бурхантай харилцах боломжтой болгосон.
Гэхдээ энэ дэлхийн амьдралын нөхцөл байдал Бурхантай ойр дотно харилцахад саад болсоор байдаг. Гэвч тэнгэрийн улсад ямар ч саад тотгор байхгүй. Бид тэнд Хаадын Хаан Эздийн Эзэнтэй төгс харилцаа холбоотой байх болно. Түүнтэй харилцах харилцаа төгс төгөлдөр байх болно.
Тэнгэрийн улс бол амьд Бурханы гэр юм. Энэ нь сансар огторгуйгаас дээгүүр, од гаригсаас дээгүүр оршдог. Энэ бол Эзэний аврагдсан сүнснүүдийн мөнхийн гэр (Исаиа 62:12) бөгөөд Есүс Христэд итгэж Бурханы хүүхэд болсон хүмүүсийн мөнхийн хувь тавилан юм.
Бидний орон байр гэж нэрлэгдсэн тэнгэрийн улсад бид олуулаа багтаж ядан багшран амьдрах вий гэж танд санаа зовох зүйл байхгүй. Аврагдсан сүнснүүд хамтдаа цуглан Бурханы алдар уруу очих цаг үед Эцэгийн гэрт бидэнд бэлдэж байгаа олон байшин, олон орон байрнуудыг хүн тус бүр эзэмших хангалттай газар орон элбэг дэлбэг байх болно. Есүс хэлэхдээ:
"Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ. Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. Миний явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав." (Иохан 14:1-4)
Тэнгэрийн улсад хүн болгонд хангалттай газар орон байх болно:
“Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийний өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүмүүс байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ. Тэд чанга дуугаар— Аврал бол сэнтийнд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа. Сэнтий, ахлагчид болон дөрвөн амьтны эргэн тойронд бүх тэнгэр элч нар зогсож байлаа. Тэд сэнтийний өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж,...” (Илчлэлт 7:9-11)
ТЭНГЭРИЙН УЛС ДАХЬ НУЛИМС
Нэгэн удаа тэнгэр элч надад “Бурхан чамд нулимсны газрыг үзүүлэхийг хүсч байна” гээд нэгэн газар уруу авч явсан. Магадгүй та Дуулал номноос бидний нулимсны тухай болон Бурхан биднийг хичнээн их хайрлаж халамжилдгийг олон удаа уншиж байсан байх. Тэнгэр элч нар бидний нулимсыг саванд хийдэг (Дуулал 56:8). Олон удаа би энэ ишлэлийг уншчихаад учрыг нь олох гэж хичээдэг байсан.
Та өөрийн хайртай хүмүүс, үр хүүхэд, хань нөхөр, гэр бүлийнхнээ нас барахад уйлан гашуудаж байсан байх. Ялангуяа хань нөхрөөсөө салах гэх мэт амьдралдаа хүнд хэцүү зүйлтэй тулгарахдаа ямар ч итгэл найдваргүй болсон мэт санагдаж байсан байх.
Бурхан надад нулимсны газрыг үзүүлсэн гэдгийг би хэлмээр байна. Тэнгэр элч намайг ямар ч хаалгагүй нэгэн өрөө уруу авчирсан.
Дотогш харахад өрөөний хэмжээ тийм ч том биш, Бурханы ариун байдал, хүч чадал энэ газар гэрэлтэн цацарч байсан. Өрөөн дотор болор тунгалаг тавиурууд байсан бөгөөд хананууд нь гэрэлтэн туяарч байсан.
Тавиуруудын дээр олон савнууд байх бөгөөд зарим нь гурав гурваараа холбоотой тунгалаг шилэн сав шиг юмнууд харагдаж байсан. Эдгээр гурав гурваараа холбогдсон гялалзан гялтганах сав бүр хэвтээ пайз бүхий самбар дээр байх бөгөөд дээр нь хүний нэр бичээстэй байв. Ийм шилэн савнууд маш их байв.
Өрөөн дотор сүр жавхлантай нэгэн хүн байхыг харсан. Түүний гүн ягаан дээл маш үзэмжтэй, нэгэн үнэт төрлийн материалаар хийгдсэн байв.
Маш тансаг хийцтэй нэгэн ширээг хаалганы хажууд тавьсан байв. Бурханы сүр жавхлан бүх зүйлийн дээр гэрэлтэн цацарч байсан. Би юу ч хэлж чадахгүй алмайран зогсож байсан.
Ширээн дээр номнууд байсан бөгөөд урьд нь миний амьдралдаа харж байгаагүй хамгийн гоё силкэн материалаар оёж хийсэн юм шиг харагдаж байсан. Зарим нь алмаз, сувд, цэцгэн хээгээр чимэглэгдсэн, зарим нь ногоон ба ягаан өнгийн чулуугаар чимэглэгдсэн байсан. Бүгд уран нарийнаар шаглагдан оёсон байсан.
“Бурхан минь, ямар гоё номнууд вэ? гэж бодсон. Би номонд маш дуртай. Гэхдээ энэ номнууд миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөж байсан, тэд бүгд үнэхээр гайхалтай байсан, миний дотор бахдах гайхах зэрэгцэж байсан.
Энэ үед өрөөнд байсан хүн “Явъя. Би чамд өрөөг үзүүлж, нулимсны тухай тайлбарлаж өгье. Энэ өрөө бол ийм олон өрөөнүүдийн зөвхөн нэг нь. Би энэ өрөөг хариуцдаг” гэж надад хэлэв.
Түүнийг ийнхүү ярьж байтал нэгэн аварга том тэнгэр элч хаалгаар орж ирэв. Би түүний гоо сайхан, сүр жавхланг хараад зог тусав. Тэр урд талдаа дээрээсээ доош алтаар эмжсэн цагаан өнгийн гэрэлтэн туяарах хувцастай байхыг харав. Тэр 3,5 метр орчим өндөртэй асар том далавчтай байсан.
Тэнгэр элч гартаа нэгэн жижиг сав барьсан байв. Энэ алтан сав шингэн зүйлээр дүүрэн байсан (Илчлэлт 5:8-ыг үз). Өрөөнд байсан хүн “Тэр дэлхийгээс нулимс авчирсан байна. Үүгээр бид юу хийдгийг чамд харуулъя” гэв.
Тэнгэр элч түүнд нэгэн хэсэг цаастай хамт савыг өгөв. Цаасан дээр саван доторх нулимсны эзэн буюу нэгэн нэр бичээстэй байв.
Өнөөх хүн цаасан дээрх нэрийг уншиж, савнуудыг хадгалдаг тавиуруудын нэг уруу очив. Тэр хэвтээ пайз бүхий самбаруудаас нэрнүүдийг уншин цаасан дээрх нэртэй тохирч буйг хараад бараг дүүрэн шахуу нэгэн шилэн савыг авч дэлхийгээс авчирсан аяганы хажууд авчрав. Тэгээд дэлхийгээс авчирсан алтан аягатай нулимсыг шилэн сав уруу хийв. “Чамд нэг юм үзүүлье. Дэлхийд энэ тухай хэлээрэй” гэж надад хэлэв. Тэр нэг номыг авч нээгээд “хараарай” гэв.
Номын хуудсууд бүгд хоосон байв. Өрөөг хариуцдаг хүн “Энэ нулимснууд бол дэлхий дээрх ариун хүмүүсийн Бурханы өмнө уйлсан нулимснууд юм. Одоо юу болохыг хараарай” гэв.
Тэгээд тэр номын эхний хуудсан дээр нулимснаас дуслыг унагав. Нулимс номон дээр тусангуут үсэгнүүд тодрон гарч ирэв. Хуудсан дээр сайн үгсүүдийг уран гоё бичлэгээр бичиж буй дүрс тодров. Нулимс хуудас болгон дээр дусах болгонд үгс тодрон гарч хуудсыг дүүргэж байв. Тэр ийм маягаар номын хуудсууд дээр дусааж байв.
Тэр номыг хаасныхаа дараа бүх хүн төрөлхтөнд хандаж буй мэт бас надад ч мөн хандан хэлэхдээ “Хамгийн төгс залбирал бол дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүрх сэтгэлийн нулимсаар угаагдсан залбирал” гэж хэлэв.
Дараа нь солонгын өнгийн далавчтай тэнгэр элч “Явъя. Бурханы алдрыг харцгаая” гэж надад хэлэв.
БУРХАН НОМЫГ НЭЭВ
Гэнэт бид мянга мянган хүмүүс ба тэнгэрлэг биетүүд цугласан асар том уудам газар хүргэгдэн ирэв. Үнэхээр сайхан байсан.
Хэсэг хугацааны дараа хүмүүс аажмаар тарцгааж, Бурханы агуу сүр жавхланг би улам тод харав. Бурханыг магтах хүмүүсийн магтаал аянга мэт нүргэлэн улам хүчтэй болсон. Мэдээ дамжуулагч тэнгэр элч намайг Бурханы хаан ширээ уруу хөтлөв.
Би асар том үүл мананг харсан бөгөөд түүн дотроос Хүний биеийг харсан. Би Бурханы царайг хараагүй боловч Бурханы алдар ба түүний хаан ширээн дээрх солонгыг харсан. Би Бурханы дуу хоолойг сонссон, энэ нь Иоханы дүрслэн хэлсэн шиг байсан. “Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгшиг ая мэт байлаа”(Илчлэлт 14:2). Энэ хүчит газар би хаан ширээний дэргэд байх олон хөтөчтэй морьдыг харсан.
Гэнэт би Бурханы хаан ширээний өмнө тахилын ширээн дээр нэгэн ном байхыг харав. Тэнгэр элч Бурханы өмнө сөгдөж байгааг харав. Гайхаж алмайрсан би нэгэн зүйлийг харсан, үүл манан дотроос хүний гарын дүрс гарч номыг нээсэн. Энэ бол Бурханы гар гэдгийг би мэдcэн.
Бахдан алмайрсан би номноос ямар нэг утаа шиг зүйл гарахыг харав. Гэнэт миний зогсож буй орчин тойронд маш сайхан үнэр гарахыг мэдэрсэн. Тэнгэр элч надад энэ ном бол дэлхий дээрх ариун хүмүүсийн залбирал бөгөөд Бурхан, тэдний чин сэтгэлээс гарсан залбиралд хариулахын тулд тэнгэр элч нарыг илгээдэг гэж хэлэв. Хүн бүр Бурханыг магтан өргөмжилж байв.
Бурхан номыг нээхэд номын хуудсууд агаарт хөөрч морин тэргэн дээр сууж буй тэнгэр элч нарын гар дээр очиж Бурханы дуу хоолой аянгын нүргээн мэт тэдэнд “Тэр эрэгтэйн залбиралд хариул, тэр эмэгтэйн залбиралд хариул” гэж хэлэхийг сонссон.
“Миний төөрөн явсныг Та тоолсон билээ. Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү? Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ. Бурханы дотор би үгийг магтана. ЭЗЭН дотор би үгийг магтана. Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?” (Дуулал 56:8-11)
Бурханы амьд Үгэн дээр Бурхан бидний нулимсаар юу хийдгийг хэлж байна. Бурханы сүр жавхлан, гайхамшгийг мэдэх нь ямар сайхан бэ? Түүний өршөөл энэрлийг хүлээн авах нь ямар гайхамшигтай вэ? Тэр бидний нулимсыг хүртэл хайрлан тэтгэдэг.
Бичээсийн олон ишлэлүүд бидний нулимс, уйтгар гуниг болон бидэнд хандсан Бурханы тайвшралыг өгүүлдэг. Эдгээрийг уншиж, баярлан хөөрөгтүн:
“Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно.”
(Хаадын дэд 20:5)
“Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог. Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн. Миний бүх өстнүүдээс болж нүд минь харанхуйлсан. Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд. Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон. ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.”
(Дуулал 6:6-9)
“Учир нь Та миний сэтгэлийг үхлээс, Нүдийг минь нулимснаас, Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.”

(Дуулал 116:8)
Нулимс дуслуулан үр суулгагчид Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно. Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.

(Дуулал 126:5-6)
“Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.”

(Исаиа 25:8)
“ЭЗЭН ингэж айлдаж байна. "Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь. Учир нь чиний үйлс шагнагдана" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.”

(Иеремиа 31:16)
“Яагаад гэвэл сэнтийний голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.”

(Илчлэлт 7:17)
“Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.”

(Илчлэлт 21:4)
“ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.”

(Исаиа 35:10)
Бурханд алдрыг өргөе. Тэнгэрийн улс бол бодит. Бид тэнд очих болно. Бид тэнгэрийн улс уруу очиход үүлэн дээгүүр хөвдөг хий сүнснүүд шиг байхгүй.
Тэнгэрийн улсын нэг гайхамшигтай зүйл бол бидний нулимс, уйтгар гуниг Бурханы Үгэнд амласны дагуу мөнхийн баяр жаргалаар солигдох болно. Үүнээс ч хавьгүй их зүйлийг бид үзэх болно.
Үргэлжлэл бий ...

1 comment:

  1. Ene buh heseg biblitei taarch baigaa ni ih goe yumaa.

    ReplyDelete