BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, September 4, 2009

Буддист лам Есүст итгэсэн нь

Миний бага залуу нас
Сайн байна уу. Миний нэрийг Атет Пиян Полу гэдэг. Би Бирм улсын хүн. Би та бүхэнтэй миний амьдралд тохиолдсон зүйлийн талаар өөрийнхөө тухай гэрчлэлийг хуваалцахыг хүсч байна, эхлээд би хэрхэн өсч торнисон тухайгаа товчхон хуваалцъя.
Би 1958 онд Бирм улсын өмнөд хэсэг Ирраваддийн буланд Богале гэдэг нэгэн жижигхэн хотод төрсөн. Олон хүмүүсийн адил буддист шашинтай байсан миний эцэг эх надад Титпин гэдэг нэрийг өгсөн (мод гэсэн утгатай) юм. Миний өсч торнисон газрын хүмүүс эгэл жирийн амьдардцгаадаг байв. 13 настайдаа би сургуулиа орхиж, загас барьдаг завин дээр ажиллаж эхлэсэн. Бид Ирраваддийн булан хавиарх голуудаас загас заримдаа сам хорхой барьдаг байв. 16 настайдаа завины ахлагч болов. Энэ үед би төрсөн хот Богалегоос хойшоо Майнтахлагионд (Үзэсгэлэнт эмэгтэй гэсэн утгатай) амьдарч байв. Энэ бол манай улсын нийслэл Янгон (Рангоон) хотоос 100 милийн зайд оршдог газар юм.
Нэгэн өдөр бид, намайг 17 настай байхад торондоо маш их загас барив. Маш их загас байсан болохоор бид нэгэн том матрын хараанд өртөж, матрын дайралтад оров. Бид ихэд айж, завиа аль болох хурдан эрэг уруу залахыг оролдов. Матар бидний араас хөөж завины сүүлийг хэмх цохив. Хэдийгээр энэ явдалд хэн ч осолдож эндээгүй ч миний амьдралд хүчтэй нөлөөлж, дахин загас барихаа болихоор шийдсэн юм. Бидний бяцхан завь матрын дайралтаас болж усанд живсэн учраас бид тэр оройдоо усан онгоцонд сууж, гэр гэр уруугаа харьцгаав.
Удалгүй аавын ажил Янгон хот уруу шилжиж, би 18 настайдаа буддын шашны нэгэн хийдэд анх удаагаа лам болохоор шавилан суув. Тэр үед олон эцэг эхчүүд хүүгээ буддын хийдэд шавилан суулгахыг хүсдэг байв, энэ нь хүүтэй хүмүүсийн хувьд нэр төрийн хэрэгт тооцогддог байлаа.
Зүтгэлтэй Буддагийн шавь
19 нас, 3 сартайдаа (1977 онд) би энгийн нэгэн лам болж, надаас ахиу зэрэг цолтой ахлах лам уламжлал ёсоор надад буддын шинэ нэр У Ната Паннита Ашинтириа гэдэг нэр өгөв. Бид лам болоход эхээс мэндлэхдээ авсан нэрээ хадгалдаггүй билээ. Миний шавилан сууж байсан хийдийг Мандала Киакасан Киаинг гэж нэрлэдэг байв. Энэ хийдийн ахлах лам бол У Задила Киар Ни Кан Саиадав гэдэг хүн байв (У Задиа гэдэг нь түүний цолны нэр). Энэ хүн тэр үеийнхээ хамгийн алдартай лам байсан ба олонд нэр хүндтэй, Их багш хэмээн өргөмжлөн дээдлэгддэг байв. Энэ хүний тухай би яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна вэ гэхээр тэр 1983 онд гэнэт машины хүнд ослын улмаас нас барсан юм. Түүний үхэлд хүн бүр маш их цочирдсон юм. Тэр үед би лам болоод 6 жил болсон байв.
Би Буддын шашны сургаал номлолыг дагаж, сайн лам болохын тулд бүх хүч чадлаараа зүтгэж байв. Би нэгэн үе оршуулгын газар уруу явж, тэнд амьдарч бясалгал хийдэг байлаа. Хэрэв лам хүн Буддын үнэн сургаалийг мэдэхийг хүсвэл иймэрхүү зүйлийг хийдэг байв. Зарим нь гүн ой уруу явж өөрийгөө үгүйсгэн ядуусын амьдралаар амьдардаг байв. Би өөрийн санаа бодол, хүсэл мөрөөдлөө үгүйсгэн, өвчин зовлонгоосоо салж, энэ дэлхийн хувь заяаны эргүүлгээсээ гарахын тулд оршуулгын газар уруу явсан юм. Тэнд очоод би хий үзэгдэх сүнснүүдээс айсангүй. Би аль болох өөрийнхөө дотоод амар амгалан дотор үлдэхийг хичээж, шумуул миний гарыг хазаж байсан ч тоохгүй байдаг байв!
Хэдэн жилийн турш би сайн лам болохыг хичээж, амьтай зүйлд хор хүргэхгүйг хичээн, эртний хүмүүсийн хийж ирсэнтэй адилаар Буддын ариун сургаалуудыг судлаж эхлэв. Нэгэн өдөр би маш хүнд өвдөх хүртлээ ламын амьдралаар ийнхүү амьдарсан юм. Тэр үед би Мандала хийдэд байсан бөгөөд тэндээсээ шууд эмнэлэгт хүргэгдэв. Эмч нар надад шинжилгээ хийж, нэгэн зэрэг халуун шар ба малари туссан гэж оношлов. Үүний дараа эмнэлэгт нэг сар хэвтсэн боловч байдал улам дордож, эцэст нь эмч нар намайг эдгэх ямар ч найдлагагүй гэж үзээд эмнэлгээс гаргахаар болов.
Энэ бол миний амьдралын өнгөрсөн түүх юм. Үүний дараа надад нэгэн онцгой үйл явдал тохиолдсоныг ярья...
Миний амьдралыг үүрд өөрчилсөн үйл явдал
Намайг эмнэлгээс гарахад хийдийн бусад лам нар намайг халамжилж байлаа. Би улам сульдсаар сүүлдээ ухаан алдсан юм. Энэ үед би 3 өдөр үхсэн байсан гэдгээ сүүлд мэдсэн юм. Миний бие ямар ч амьгүй болж, зүрхний цохилт зогссон учраас миний биеийг занданшуулахад бэлтгэж, Буддын ариун ёсны дагуу оршуулахад бэлтгэж эхлэв.
Хэдийгээр миний бие үхэж байсан боловч миний сүнс, сэтгэл санаа сэргэг хэвээрээ байв. Нэгэн үе би маш хүчтэй салхи шуурган дунд явж байв. Энэ хүчтэй салхины улмаас бүх модод унаж, байгаль тэр чигээрээ хавтгай болсон байв. Энэ тал газраар би хурдан гэгч алхав. Энд надаас өөр хүн байсангүй, би ганцаараа алхсаар байв. Дараа нь хэсэг голыг гатлан гарав. Голын цаана гарахад би аймшигтай галт нуур байгааг харав. Буддын сургаалд галтай нуурын тухай ойлголт байдаггүй учраас эхлээд би юу ч ойлгосонгүй, харин Иамаг \Иама бол бүх Ази даяар тамын хаан гэж нэрлэгддэг шүтээн\ хараад бүх зүйлийг ойлгосон. Түүний их бие, нүүр нь арслан шиг боловч хөл нь могой шиг харагдаж байв. Толгой дээр нь хэд хэдэн эвэр байв. Түүний царай догшин хэрцгий харагдаж байв. Би маш их айж, түүнийг хэн болохыг чичирсээр асуув. Тэр “би бол Тамын хаан, Устгагч” гэв.
Аймшигтай галт нуур
Тамын хаан намайг галтай нуур уруу хар гэж хэлэв. Галтай нуур уруу харахад улбар шар өнгийн Бирмд лам нарын өмсдөг шиг нөмрөгийг олж харав. Тэр зүйлийг улам дөхүүлэн харахад хүний үсгүй халзан толгой харагдав. Тэр хүний нүүр уруу харахад миний багш У Задила Киар Саиадав лам байхыг харав (1983 онд машины ослоор нас барсан алдартай лам).
“Яагаад миний багш галтай нууранд байгаа юм бэ?” гэж би асуув.
Тэр маш сайн багш байсан. Тэр байтугай тэр, хүмүүс бид амьтнаас илүү хувь завшаантай хүмүүс гэдгийг ойлгуулсан “Та хүн үү эсвэл нохой юу? гэсэн алдарт сургаалаа олны дунд айлдан алдаршиж байсан хүн.
Тамын хаан:
“Тиймээ, тэр сайн багш байсан, гэвч тэр Есүс Христэд итгээгүй учраас одоо тамд байна” гэв.
Тэр намайг галтай нуур уруу дахин хар гэж хэлэв. Толгойн зүүн хэсэг дээрээ урт үсээ шууж боосон нэгэн хүнийг харав. Тэр хүн бас л лам хүний өмсгөлтэй байв.
“Энэ хүн хэн бэ?” гэж асуув.
Тамын хаан “Энэ бол чиний шүтдэг хүн Гаутама (Будда багш)” гэж хэлэв. Гаутамаг хараад би маш их цочирдов.
“Гаутама бол сайхан сэтгэлтэй, сайн ёс суртахуунтай багш байсан, яагаад тэр галтай нууранд зовж байгаа юм бэ?” гэж асуув.
Тамын хаан надад “Тэр ямар сайн хүн байсан нь хамаагүй, тэр Мөнхийн Бурханд итгээгүй учраас энд ирсэн” гэв.
Би тэнд бас нэг цэргийн хувцастай хүнийг харав. Тэр цээжин дээрээ хүнд шархадсан байв.
“Энэ хүн хэн бэ?” гэж асуув.
Тамын хаан “Энэ бол Бирмийн хувьсгалт намын удирдагч Аунг Сан” гэв. “Тэр Христэд итгэдэг олон хүнийг хавчин алж байсан, гэхдээ тэр Есүс Христэд итгээгүй учраас энд ирсэн” гэж тамын хаан хэлэв. Бирмд хүмүүс “Цэрэг хүн хэзээ ч үхдэггүй мөнхөд амьдардаг” гэж ярьдаг. Харин тамын цэргүүд “Цэрэг хүн хэзээ ч үхдэггүй харин там уруу үүрд явдаг” гэж ярьдгийг би ойлгосон.
Галтай нууранд бас нэг хүнийг би харав. Тэр маш өндөр биетэй, цэргийн хуяг дуулгатай хүн байв. Тэр гартаа сэлэм, бамбай барьсан байв. Тэр духан дээрээ шархадсан байв. Тэр ер бусын өндөр биетэй хүн байв. Тэр 3 метр орчим өндөртэй харагдаж байв.
Тамын хаан “Энэ хүнийг Голиат гэдэг. Тэр Мөнхийн Бурханыг болон Давидыг доромжилсон учраас тамд ирсэн” гэж хэлэв. Би Голиат, Давид гэж ямар хүмүүс болохыг мэдэхгүй учраас юу яриад байгааг нь ойлгосонгүй. Тамын хаан “Голиат бол Христийн Библийн номонд гардаг хүн. Чи одоохондоо энэ тухай мэдэхгүй, гэвч чи Христэд итгэдэг болохоороо түүнийг мэдэх болно” гэв.
Дараа нь би баян, ядуу хүмүүс хоол идэхээр цугласан нэгэн газар ирэв.
“Хэн тэдэнд энэ хоолыг хийж өгдөг вэ?” гэж асуухад тамын хаан
“Ядуучууд нь өөрсдөө хоолоо бэлтгэнэ, харин баячуул нь бусад хүмүүсээр хоолоо хийлгүүлнэ. Тэд суугаад бэлэн болсон хоолоо идэх үед өтгөн утаа гардаг. Тэд аль болох хурдан идэхийг хичээх боловч утаанаас болж амьсгалахад ч хүнд болно. Мөнгө тэдний бурхан болсон учраас тэд ийнхүү зовох тавилантай болсон” гэв.
Би бас галтай нуурын дор галыг өрдөн асааж буй нэгэн амьтныг харав.
“Чи бас энэ галтай нууранд шийтгэлээ авахаар ирсэн үү?” гэж тэр амьтан асуув.
“Үгүй, би энд харахаар ирсэн” гэж хариулав.
Галыг асааж буй амьтны дүр үнэхээр аймшигтай харагдаж байв. Тэр толгой дээрээ 10 эвэртэй, гартаа 7 хурц иртэй жад барьсан байв. Өнөөх амьтан:
“Чиний зөв. Чи энд ажиглах гэж ирсэн юм байна. Чиний нэр энд алга. Одоо чи ирсэн замаараа буцаж яв” гэж хэлээд миний анх явж ирсэн эзгүй тал уруу гараараа заав.
Шийдвэрийн зам
Би дахин өнөөх замаараа удаан алхав. Би цус алдсаар, маш их халууцаж, өвдөж байгаагаа мэдрэв. 3 цаг хиртэй ийнхүү алхсаны эцэст нэгэн өргөн их замыг харав. Өргөн замаар хэсэг алхсаны дараа хоёр хэсэг салаа зам дээр ирэв. Нэг зам нь зүүн тийшээ салбарласан байх бөгөөд өргөн байв. Нөгөөх нь баруун тийшээ салбарласан нарийн зам байв. Замын уулзвар дээрх самбар дээр зүүн замыг Есүс Христэд итгэдэггүй хүмүүсийн зам, баруун замыг Есүст итгэдэг хүмүүсийн зам гэж бичсэн байв.
Би өргөн зүүн замыг ихэд сонирхож, түүгээр орон алхаж эхлэв. Миний өмнө 300 метр зайнд хоёр эрэгтэй хүн алхаж явааг хараад тэднийг гүйцэх санаатай байдаг чадлаараа гүйсэн боловч яагаад ч юм бэ гүйцэж чадсангүй. Тэгээд замаасаа буцаж анхны уулзвар дээрээ буцаж ирэв. Би тэднийг замын төгсгөл хүртэл хэрхэн алхаж явааг нь харсаар зогсов. Гэнэт тэднийг ямар нэг үл үзэгдэх хүч хутгалчихав! Тэд аймшигтайгаар ёолон хашгирав. Тэднийг харж зогсож байсан би ч чангаар дуу алдав. Тэгээд энэ өргөн зам аюултай болохыг мэдэв.
Тэнгэрийн улсыг харсан нь
Ингээд би Есүст итгэгчдийн замаар алхаж эхлэв. Нэг цаг хиртэй алхав. Гэнэт замын гадаргуу цэвэр алт болж хувирав. Энэ алтан зам цэвэр, шижир алт байсан бөгөөд би өөрөө өөрийнхөө дүрийг хүртэл харж болохоор гэрэлтэн гялтаганаж байв. Миний өмнө нэгэн хүн гарч ирэхэд түүнийг цагаан дээл өмссөн байгааг харсан. Бас маш сайхан хөгжим уянгалан эгшиглэж байв. Ямар сайхан, ариун дуу хөгжим байсан гээч! Энэ бол энэ дэлхий дээрх ямар ч сайхан дуу хөгжмөөс илүү сайхан, төгс төгөлдөр дуу хөгжим байсан.
Цагаан дээлтэй хүн өөрийгөө дагаж явахыг хэлэв. “Та хэн бэ?” гэж асуухад тэр хариулсангүй. Түүний хэн болохыг 6 удаа асуусны эцэст тэр “Би бол тэнгэрийн улсын түлхүүрийг атгагч нэгэн. Тэнгэрийн улс бол маш сайхан газар. Чи одоохондоо тийшээ очиж чадахгүй. Гэвч хэрэв чи Есүсийг дагавал энэ дэлхий дээрх амьдрал чинь дууссаны дараа тийшээ очих болно” гэв. Түүнийг Петр гэдэг гэв (Есүсийн 12 дагалдагчийн нэг).
Петр дараа нь намайг суугаад, хойд зүг уруу хар гэв. Тэр “Хойд зүг уруу хар, Бурхан хүнийг хэрхэн бүтээснийг хар” гэв. Би Мөнхийн Бурханыг холоос харав. Бурхан нэгэн тэнгэрийн элчид хандан “Хүнийг бүтээцгээе” гэв. Тэнгэр элч Бурханыг ятган, “Хүнийг бүтээж хэрэггүй. Тэр буруу зүйл хийж, таныг гомдоох болно” гэж байв. Гэвч Бурхан хүнийг бүтээж, түүнд нэр өгөв. Бурхан түүн уруу үлээхэд амь оров. Тэр хүнийг Адам гэж нэрлэв. (Анхаар: буддизмд орчлон ертөнц болон хүнийг бүтээгдсэн гэдэгт итгэдэггүй, тийм болохоор энэ үйл явдал надад онцгой нөлөө үзүүлсэн юм.)
Шинэ нэртэй болж буцсан нь
Тэгээд Петр “Одоо босоод дэлхий уруу буц. Будда болон шүтээн шүтдэг хүмүүст очиж ярь. Хэрэв тэд өөрчлөгдөхгүй бол тамд очно гэдгийг хэл. Сүм хийд болон бурхан бүтээдэг хүмүүс ч бас тамд очих болно гэдгийг хэл. Сайн үйлс бүтээхийн тулд лам нарт өргөл барьц өгдөг хүмүүс болон лам нарт залбиран мөргөж, тэднийг “Пра” (бирмээр лам нарыг хүндэтгэн дууддаг нэр) гэж өргөмжлөн дууддаг хүмүүс ч гэсэн тамд очно гэдгийг хэл. Мөн тарни шившлэг хийж, шүтээнийг амилуулдаг хүмүүс ч тамд очих болно. Есүс Христэд итгээгүй бүх хүн там уруу явах болно” гэв. Петр намайг тэнд харсан зүйлийн талаар гэрчилж ярихыг хүсч байв. Тэр бас “Чи одооноос эхлэн шинэ нэртэй болно. Чамайг Атет Пиан Шинтав Паулу гэж нэрлэх болно” гэв (дахин амилсан Паул гэсэн утгатай).
Би дэлхий уруу буцахыг хүсэхгүй байв. Тэнгэрийн улс уруу явахыг хүсч байв. Тэнгэрийн элч нэгэн номыг нээв. Тэд эхлээд номноос миний хүүхэд цагийн нэрийг (Титпин) хайв. Гэвч олдсонгүй. Тэгээд тэд буддист болохдоо авсан нэрээр минь хайв (У Ната Паннита Ашинтириа). Бас л номонд бичигдээгүй байв. Дараа нь Петр “Чиний нэр номонд байхгүй байна, чи дэлхий уруу буцаж, буддист хүмүүст Есүсийн тухай гэрчлэх ёстой” гэж хэлэв.
Би алтан замаар буцаад алхав. Дахин би урьд өмнө амьдралдаа хэзээ ч сонсож байгаагүй аялгуут сайхан дууг сонсов. Петр надтай хамт дэлхий уруу буцах хүртэл хамт явав. Тэр надад тэнгэрийн улсаас дэлхий уруу доош буусан нэгэн шатыг үзүүлэв. Шат дэлхий дээр арай хүрэлгүй агаар мандалд тэнгэрийн дунд хүрээд алга болсон байв. Энэ шатаар тэнгэр элч нар өгсөж уруудан маш завгүй яваа харагдаж байв. “Тэд хэн бэ?” гэж Петрээс асуухад “Тэд бол Есүст итгэсэн болон итгээгүй хүмүүсийн нэрийг мэдээлэхээр явж буй Бурханы элч нар” гэж хэлэв. Дараа нь Петр надад явах цаг болсныг хэлэв.
Сүнс байна!
Ухаан орсны дараа хэн нэгэн хүн миний хажууд уйлж байгааг сонсов. Гэтэл “Хүү минь, хүү минь, биднийгээ яагаад орхичихов доо” гэж ээжийнхээ уйлахыг сонсов. Олон хүн миний эргэн тойронд гашуудан уйлж байгааг сонсов. Би авсан дотор байгаагаа мэдээд хөдөлж эхлэв.
Аав ээж хоёр “Тэр амьд байна, тэр амьд байна” гэж хашгирав. Бусад нь тэр хоёрт итгэж ядан хойшоо ухрав. Би авсны хоёр талаас барьж дээшээ босож суув. Хүмүүс айсандаа хөдөлж ч чадахгүй хөшиж орхив. Тэгснээ тэд “Сүнс байна” гэж орилолдож тал тал тийшээгээ хөлийнхөө хурднаар гүйлдэв. Үлдсэн хэдэн хүмүүс юу ч хэлж чадахгүй чичрэн зогсож байв. Авсан дотор 3, 4 аяга дүүрэхээр миний биенээс гарсан эвгүй үнэртэй шингэн урссан байв. Энэ бол намайг авсанд хэвтэж байх хугацаанд миний гэдэс, ходоод дотроос гарсан шингэн байв. Тийм учраас тэдгээр хүмүүс намайг үхсэн гэж бодож байв. Авсны дотор талыг хуванцараар доторлосон байсан нь над шиг үхэгсдийн биенээс гардаг шингэнийг гадагш нь урсгахгүйн тулд тэгж хадаж хийсэн байв.
Сүүлд нь би тэр үед хэсэгхэн хугацааны дараа галд өргөл болон чандарлагдах байснаа мэдсэн юм. Бирмд бид үхсэн хүмүүсийг авсанд хийж авсыг нь хадаасаар хадаж бэхэлсний дараа шатаадаг заншилтай. Намайг амь орсон тэр үед ээж аав хоёр минь намайг сүүлчийн удаа харахаар ирсэн нь тэр байв.
Түүний дараа тэд миний авсыг хадаж, чандарлахаар зэхэж байсан байв.
Би шууд л өөрт тохиолдсон болгоноо ярьж эхлэв. Хүмүүс гайхан алмайрч байв. Би тэнд галтай нууранд хэнийг харснаа болон Христэд итгэгчид хэрхэн цорын ганц үнэнд итгэдгийг, бас бидний өвөг дээдэс олон зууны турш хэрхэн мэхлэгдэж ирснийг хэлэв. Бидний итгэдэг байсан болгон маань бүгд худал байсныг хэлэв. Хүмүүс намайг өмнө нь ямар их идэвхи зүтгэлтэй лам байсан хийгээд Буддын ямар их үнэнч шавь байсныг мэдэх болохоор миний ярианд итгэж ядан байв.
Бирмд жирийн хүн үхэхэд авсных нь хажуу тал дээр овог нэр, насыг нь бичдэг харин лам хүн үхэхэд овог нэр, насыг нь лам байсан он жилүүдтэй нь хамт бичдэг уламжлалтай байдаг. Би бас үхлийн дансанд ийнхүү тэмдэглэгдсэн байсан бөгөөд одоо та бүхний мэдэж байгаагаар би эргээд амилсан байна!
Төгсгөл
Дахин амилсан Паул энэ үйл явдлын дараа Эзэн Есүс Христэд бат итгэсээр ирсэн юм. Тэр олон лам нарыг Есүст итгүүлсэн гэж Бирмийн олон пасторууд ярьдаг.
Түүний гэрчлэл бол ер бусын юм. Түүний энэ гэрчлэл тэнгэрийн улс уруу хүрэх цорын ганц зам Есүс Христ гэдэгт итгэдэггүй олон хүнийг гомдоосон юм. Хэдийгээр тэр олон эсэргүүцэлтэй тулгарч байсан ч түүнийг энэ итгэлээс нь хөдөлгөж чадахгүй түүний энэ ер бусын гэрчлэл нь түүнд дэндүү бодит байсан юм. Тэр олон жил Буддын сургаалийг дагаж, лам болсныхоо дараа үхсэн боловч үхлээс 3 хоногийн дараа дахин амилсныхаа дараа бусад лам нарт Есүс Христийн тухай ярьж түүнд итгэхийг уриалж эхэлжээ. Тэр ийнхүү хүндээр өвчилж, үхэхээсээ өмнө Христийн тухай огт сонсож байгаагүй бөгөөд 3 өдрийн турш үхэх үедээ амссан түүний энэ туршлага нь түүний хувьд цоо шинэ ойлголт байв.
Тэрээр өөрийн гэрчлэлээ хуурцаг, кассетан дээр бичиж тарааж эхэлсэн бөгөөд өнөөдөр Бирмийн цагдаагийн байгууллага болон Буддын шашны нэр нөлөө бүхий хүмүүс түүний бичлэг, кассетуудыг олж устгахын тулд бүх хүч чадлаа дайчилж байна.
Тэр өөрийн аймшиггүй гэрчлэлээсээ болж шоронд хэд хэдэн удаа орсон бөгөөд цагдаа нар түүний дуу хоолойг хязгаарлаж, чимээгүй болгохыг ятгаж байна. Гэвч тэр шоронгоос суллагдагцмаа өөрийн үзэж харсан зүйлийнхээ тухай тунхагласаар байна. Түүний одоо хаа байгаа нь тодорхой бус байна. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар тэр одоо шоронд байгаа, магадгүй алагдсан байх гэж байгаа ч нөгөө хүмүүсийн яриагаар тэр шоронгоос суллагдаж итгэлийн аялалаа үргэлжлүүлсээр байгаа гэдэг.

No comments:

Post a Comment