BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, July 3, 2009

"Тамын бодит үнэн" 2-р бүлэг

2-р бүлэг
Тамын зүүн хөлАймшигтай муухай үнэр орчныг дүүргэв. Есүс надад “Тамын зүүн хөлөнд маш олон нүх бий. Энэ хоолой тамын бусад хэсэгт биднийг хүргэж өгнө. Гэвч бид эхлээд тамын зүүн хөлөнд хэсэг хугацааг өнгөрөөх болно” гэв.
“Энд харсан зүйлүүд чамтай хамт үргэлж байх болно. Энэ дэлхий тамын бодит байдлыг мэдэх ёстой. Олон нүгэлт хүмүүс тэр ч байтугай миний хүмүүс хүртэл там байдаг гэдэгт итгэдэггүй. Чи энэ үнэнийг хүмүүст хэлэхийн тулд сонгогдсон. Тамын тухай болон чамд үзүүлэх гэж байгаа бүх зүйлүүд үнэн бодит” гэв.
Есүс надад өөрийгөө хурц тод гэрлээр, нарнаас ч хурц тод гэрлээр харуулж байсан, түүний бие гэрлийн дундаас харагдаж байсан. Заримдаа би түүнийг хүний дүрээр заримдаа сүнслэг биеэр харж байсан.
Есүс дахин “Намайг ярихад миний Эцэг ярьдаг. Эцэг бид хоёр нэг. Хамгаас түрүүнд бие биенийгээ уучилж, хайрлахыг бүү март. Намайг одоо дагаарай” гэв.
Биднийг явж байх үед муу сүнснүүд Эзэний оршихуйгаас зайлж байв. “Бурхан минь, Бурхан минь, биднийг одоо юу хүлээж байна вэ?” гэж би Эзэнд чангаар хашгиран хэлэв.
Урьд нь хэлсэнчлэн тамд би бүгдийг мэдэрч байлаа. Тамд буй хэн ч бүгдийг мэдэрч чадна. Миний хувьд би бүх зүйлийг хамгийн сайнаараа мэдэрч байсан. Тал бүрээс айдас, үгээр илэрхийлэхийн аргагүй аюул түгшүүр мэдрэгдэнэ. Алхам бүр минь өмнөхөөсөө илүү аймшигтай байсан.
Бидний дээр хонгилын дээд хэсэгт жижиг цонх шиг хаалга хурдан нээгдэж, хаагдаж байв. Хорон муу биетүүд бидний хажуугаар нисэн өнгөрөхдөө муухай дуугаар хашгиран тамын хаалгаар гаран явж байв. Бид удалгүй хонгилын төгсгөлд ирэв. Би эргэн тойрондоо буй айдас хүйдэс, аюул түгшүүрийг мэдрэхдээ дагжин чичирч байв.
Би Есүсийн хамгаалалтанд үнэхээр их талархаж байв. Намайг тамын нүхэнд хүртэл өөрийн аугаа хүч чадлаараа хамгаалж байсанд би Бурханд талархаж байна. Би түүний хамгаалалтын бамбай дор үргэлж байсан тэр үедээ “Эцэг минь, миний биш таны хүсэл биелэх болтугай” гэж бодсоор байв.
Би өөрийнхөө биеийг харав. Анх удаагаа би өөрийнхөө сүнслэг биеийг харав. Сүнслэг бие минь миний биеийн хэлбэр дүрс байсан. Биднийг одоо юу хүлээж байгаа бол гэж бодсоор байв.
Есүс бид хоёр туннелээс доош буусаар хоёр талдаа тал газар бүхий нэгэн өргөн зам дээр зогсов. Миний нүд гүйцэж үл харж чадах хязгааргүй зайнд галтай нүхнүүд хаа сайгүй харагдаж байв. Эдгээр нүхнүүд диаметрээрээ 1 метр, гүн нь 1 метр орчим аяга шиг хэлбэртэй харагдаж байв. Есүс надад “Тамын зүүн хөлөнд ийм олон нүх бий. Чамд заримыг нь үзүүлье” гэж хэлэв.
Би Есүсийн хажууд зам дээр зогсоод нэгэн нүхийг харав. Нүхний ирмэгийн эргэн тойронд хүхэр байх бөгөөд гал дотор асах нүүрс шиг улаан өнгөтэй харагдаж байв. Нүхэн дотор үхсэнийхээ дараа тамд ирсэн нэгэн сүнс байв. Нүхний дороос гал эхэлж асах бөгөөд дээш явсаар сүнсийг бүхэлд нь шатаана. Дараа нь хэсэг зуур гал намжих боловч эргээд тарчлагдан зовж буй сүнсийг өрдөн шатаана.
Намайг нүхэн доторх сүнсийг харахад түүний араг ясан дотор сүнс нь байхыг харав. “Эзэн минь ээ”, гэж би түүнийг харангуутаа хашгирч, “түүнийг тэндээс авраач дээ” гэж хашгирав. Үнэхээр аймшигтай харагдаж байсан. “Би ч ингээд зовоод байж байх байсан” гэж бодов. Би Эзэнд “амьд сүнс яаж энд ингээд зовоод байж байна вэ” гэж хэлэв.
Гэнэт би нүхнээс хүн хашгирахыг сонсов. Араг ясны дүрстэй тэр сүнснээс “Есүс ээ, намайг өрөвдөөч” гэж хэлэхийг сонсов.
Энэ эмэгтэй хүний хоолой байв. “Эзэн минь ээ” гэж би хашгираад түүн уруу эргэн харж галаас татаж гаргахыг оролдов. Түүнийг харахад миний сэтгэл эмтэрч байлаа.
Араг ясны дүрстэй энэ эмэгтэй бохир саарал шороон дундаас Есүстэй ярьж байв. Шоконд орсон би түүний яриаг сонсов. Түүний биенээс өмхөрөн унах мах галд шарагдан доош унаж байв. Түүний нүдний оронд одоо зөвхөн хоёр харанхуй нүх л үлдсэн байв. Түүний толгойд ямар ч үс байсангүй.
Гал түүний хөлнөөс эхэлж улалзан асах бөгөөд аажмаар дээш явсаар бүх л биеийг хучиж байв. Эмэгтэй үргэлж галд шатаастай байх бөгөөд галын дөл хэсэг намжихад ч гэсэн шатсаар байгаа юм шиг харагдаж байсан. Түүний цөхрөн гашуудсан дуу “Эзэн минь, Эзэн минь, намайг эндээс гаргаач” гэж орилж байв.
Тэр Есүс уруу хүрэхийг оролдсоор байв. Намайг Есүс уруу харахад түүний царай гүн гашуудалд автсан байв. Есүс надад “Миний охин, чи энэ дэлхийд гэм нүглийн үр дүн бол үхэл бөгөөд там гэж үнэхээр байдгийг хэлэхийн тулд энд надтай хамт байгаа” гэв.
Намайг эмэгтэй уруу дахин харахад түүний араг ясан дээгүүр өтнүүд явж байв. Тэдгээр өтнүүд галд шатахгүй байв. Есүс надад “Энэ өтнүүд түүний бие дотор явж байгааг тэр мэдэрч байгаа” гэв.
Гал дэгдэн асч, аймшигтай үзэгдэл дахин давтагдахад “Бурхан минь, түүнийг өрөвдөөч” гэж би хашгирав. Эмэгтэйн дүрс чангаар орилон уйлахдаа чичирч байв. Тэр үүрд алдагдсан байв. Түүнд эндээс гарах ямар ч арга зам байхгүй байлаа. “Есүс, тэр яагаад энд байгаа юм бэ?” гэж би аяархан асуув. Учир нь би айж байв.
Есүс “явъя” гэж хэлэв.
Бидний явж буй зам тойрог хэлбэртэй бөгөөд миний нүд гүйцэж үл харж чадах зайнд эдгээр галтай нүхнүүдийг сүлжин өнгөрсөн байв. Үхсэн боловч амьд буй сүнснүүдийн хашгирах орилоон чарлаан, гаслант дуунууд миний тал бүрээс ирж байв. Тамд хэзээ ч нам гүм байдал байхгүй. Үхсэн хүний үнэр, үхсэн махны үнэр орчин тойронд нэвт шингэсэн байв.
Бид дараагийн нүхэн дээр ирэв. Энэ нүхэн дотор түрүүчийнхтэй адил хэлбэр дүрстэй араг ясны нэгэн дүрс байв. Эрэгтэй хүний хоолой нүхэн дотроос “Эзэн минь ээ, намайг өрөвдөөч” гэж хэлэхийг сонсов. Эдгээр сүнснүүд ярьж эхлэхэд л би тэднийг дуу хоолойгоор нь эрэгтэй, эмэгтэйг нь ялгаж байсан.
Эрэгтэй гашуунаар гашуудан уйлж байв. “Есүс ээ, намайг уучлаач. Намайг эндээс гаргаач. Би энд олон жилийн турш тарчлан зовж байна. Танаас гуй, намайг эндээс гаргаач.” Түүнийг ингэж хэлж байхад түүний араг ясны дүрс чичирч байв. Намайг Есүс уруу харахад тэр уйлж байв.
“Есүс Эзэн минь ээ, миний зовлон одоо хангалттай биш гэж үү? Би энд ирээд 40 жил болж байна” гэв.
Есүс “Зөвт хүн итгэлээр амьдардаг” гэж бичигдсэн байдаг. Басамжлан доромжлогчид болон үл итгэгчид галтай нууранд өөрсдийн шийтгэлээ авах болно. Чи үнэнд итгээгүй. Олон удаа миний хүмүүс чамд үнэнийг харуулахаар очсон боловч чи тэднийг сонсоогүй. Чи тэднийг шоолон инээж сайн мэдээг хүлээн авахаас татгалзсан. Би чиний төлөө загалмай дээр цовдлогдсон боловч чи намайг басамжлан доромжилж өөрийн гэм нүглээс эргэхээс татгалзсан. Миний Эцэг чамд аврагдах олон боломжийг өгсөн. Намайг чи сонссон ч болоосой” гэж хэлэв. Есүс уйлж байв.
Эрэгтэй “Эзэн минь ээ, би мэднээ, би мэднээ. Гэвч би одоо таны өмнө гэмшиж байна” гэж уйлж байв.
“Одоо дэндүү оройтсон. Шүүлт тогтоогдсон” гэж Есүс хэлэв.
Эрэгтэй үргэлжлүүлэн “Эзэн минь, миний зарим хүмүүс энд ирэх гэж байна, тэд таны өмнө гэмшээгүй. Эзэн минь, та намайг тэдэн уруу явуулж тэднийг дэлхий дээр байхад гэмшүүлэхийн тулд намайг явуулаач. Би тэднийг энд ирэхийг хүсэхгүй байна” гэв.
“Тэнд сайн мэдээ тарааж буй номлогчид, багш нар, сүмийн ахлагч нар байгаа. Тэд тэдэнд хэлнэ. Бас миний тухай мэдэх өөр олон арга замууд, орчин үеийн харилцааны системүүд бий. Би тэднийг өөртөө итгүүлж аврахын тулд ажилчдыг илгээсэн. Хэрэв тэд сайн мэдээг сонсоод итгэхгүй юм бол үхлээс дахин амилсан хүний үгэнд яаж үнэмшихэв” гэж Есүс хэлэв.
Үүнийг сонсоод эрэгтэй маш их уурлаж, Есүсийг харааж эхлэв. Түүний амнаас бузар хараалын үгс урсаж эхлэв. Түүний үхсэн бие дээгүүр гал авалцан асч улмаар галд шарагдан доош унаж байгаа аймшигтай үзэгдлийг үргэлжлүүлэн харав. Эрэгтэйн үхсэн бие дотор түүний сүнс байгааг би олж харав. Түүний сүнс бохир саарал шороо шиг харагдаж байсан бөгөөд түүний араг ясан дотор байв.
Би Есүс уруу эргэн харж, “Эзэн минь ээ, ямар аймшигтай юм бэ?” гэж дуу алдав.
Есүс “Там үнэхээр байдаг. Миний шүүлт үнэн. Гэсэн ч би тэдэнд хайртай, охин минь. Энэ бол чамд харуулах гэж буй аймшигтай зүйлсүүдийн дөнгөж эхлэл нь. Цааш чи олон зүйлийг харах болно.”
“Там үнэхээр байдаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй бүх хүн миний өмнө гэмших хэрэгтэй гэдгийг чи дэлхийд хэлэх хэрэгтэй. Одоо намайг дагаарай. Бид цааш явах хэрэгтэй” гэв.
Дараагийн нүхэнд 80 орчим насны жижигхэн биетэй настай эмэгтэй байв. Түүний насыг би яаж мэдэж байснаа мэдэхгүй гэхдээ би мэдэж байсан. Түүний арьс галын тасралтгүй дөлөнд биенээсээ салан унаж байсан бөгөөд зөвхөн түүний бохир саарал сүнс түүний араг ясан дотор харагдаж байв. Түүнийг хэрхэн шатаж байгааг би харав. Удалгүй би түүний араг ясан дээгүүр галд шатдаггүй өтнүүд сүлжилдэн явахыг харав.
“Эзэн минь ээ, ямар аймшигтай юм бэ?” гэж би дуу алдав. Би цаашид яаж энэ бүгдийг тэсэхээ мэдэхгүй байв. Энэ бол миний хязгаар, хүч чадлаас даван гарсан дэндүү аймшигтай зүйлс байв. Миний нүд хязгааргүй үргэлжлэх галтай нүхэн доторх олон сүнснүүдийг харж байв.
“Миний охин, чи яагаад энд байгаа учир нь чи тамын тухай үнэнийг мэдэж, дэлхийд хэлэх ёстой. Тэнгэрийн улс бодитой оршин байдаг. Там үнэхээр байдаг. Явцгаая, бид цаашаа явах хэрэгтэй” гэж Есүс хэлэв.
Би эмэгтэй уруу эргэн харав. Тэр гашуунаар уйлж байв. Түүнийг харж байтал тэр хоёр ясархаг гараа урдаа залбирч байгаа мэт хавсрав. Би нулимсаа барьж чадахгүй байв. Миний бие сүнсэн бие байсан боловч би уйлж байв. Тамд буй хүмүүс эдгээр бүх зүйлийг мэдэрдэгийг би мэдсэн.
Есүс миний юу бодож байгааг мэдэж байв. “Тиймээ, миний охин, тэд бүх зүйлийг мэдэрдэг. Хүмүүс энд ирэхдээ дэлхий дээр байсан шигээ бүх зүйлийг санаж, бодож, мэдэрдэг. Тэд өөрсдийн найз нөхөд, гэр бүлийнхнийгээ санадаг, тэдэнд хэдийгээр дэлхий дээр гэмших боломж үргэлж байсан боловч тэд намайг хүлээн авахаас татгалзсан. Тэдний өнгөрсөн бүх дурсамжууд тэдэнтэй хамт байдаг. Тэд оройтохоосоо өмнө сайн мэдээнд итгэж, миний өмнө гэмшсэн байсан ч болоосой.”
Намайг настай эмэгтэй уруу дахин харахад түүний нэг хөл байхгүй байхыг анзаарав. Түүний нэг ташаанд цөмлөөд орчихсон юм шиг хар нүх онгойн харлаж байв. “Есүс ээ, энэ юу вэ?” гэж би асуув.
Тэр “Охин минь, тэр дэлхий дээр байхдаа хорт хавдар тусч маш их өвдөн шаналж байсан. Түүний амийг аврахын тулд хагалгаа хийсэн. Тэр зүрх сэтгэлдээ олон жилийн турш харамсал гашуудлыг тээн явсан. Миний олон хүн түүний төлөө залбирч, намайг эдгээж чадна гэдгийг хэлэхийн тулд түүн дээр очиж байсан. Гэвч тэр “Бурхан надад энэ зүйлийг хийж өгсөн” гэж хэлээд сайн мэдээнд итгэж, миний өмнө гэмшихээс татгалзсан. Нэг удаа тэр намайг таньсан боловч хэсэг хугацааны дараа намайг үзэн ядсан.”
“Тэр Бурхан надад хэрэггүй гэж хэлээд надаар өвчнөө эдгээлгэхээс татгалзсан. Гэсэн ч би түүнд туслахыг хүсч, өвчнөөс нь салгаж, ивээхийг олон удаа оролдсон. Тэр надаас нүүр буруулж, намайг хараасан. Тэр Есүс надад хэрэггүй гэж хэлсэн. Гэсэн ч миний сүнс түүнийг ятгасаар байсан. Тэр надаас нүүрээ буруулсан ч би Сүнсээрээ түүнийг өөр уруугаа ирэхийг ятгасаар байсан. Гэвч тэр намайг сонсоогүй. Дараа нь тэр нас барж, энд ирсэн.”
Настай эмэгтэй Есүс уруу хашгиран “Есүс Эзэн минь ээ, намайг уучлаач дээ. Би дэлхий дээр байхдаа танд гэмшээгүйдээ харамсаж байна. Би дэндүү хожимдохоосоо өмнө гэмших минь ч яав даа. Эзэн минь ээ, намайг эндээс гаргаач. Би таны төлөө амьдрах болно. Би сайн хүн байх болно. Миний зовлон хангалттай биш гэж үү? Яагаад би хожимдож ойлгох ёстой юм бэ? Таны Сүнс намайг ятгаж байхад би юунд гэмшсэнгүй вэ?” гэж гашуудан уйлж байв.
Есүс түүнд “Чамд миний өмнө гэмшиж, надад үйлчлэх боломж үргэлж байсан” гэв. Бид цааш алхахад Есүсийн царай гутрал гунигт автсан байв.
Би настай эмэгтэйн уйлахыг харсны дараа “Одоо, Эзэн минь, бидэнд дараа юу тохиолдох вэ” гэж асуув.
Би тал бүрдээ айдас мэдэрч байв. Гуниг гутрал, өвдөлт шаналал, үхлийн уур амьсгаа хаа сайгүй байв. Есүс бид хоёр харамсал гашуудалтайгаар дараачийн нүхэн дээр ирэв. Түүний хүч чадлаар л би алхаж чадаж байв. Холоос өнөөх настай эмэгтэйн гэмшин, уучлал гуйж буй дуу сонсогдсоор байв. Түүнд тусалж чаддаг ч болоосой гэж би бодов. Гэм нүгэлт хүмүүс минь, Бурханы Сүнс таныг ятгасаар байгаа дээр гэмшигтүн. Бүү хүлээ.
Дараагийн нүхэнд нэгэн эмэгтэй өвдөг дээрээ суун ямар нэгэн юм хайж байв. Түүний араг ясан бие дээр олон нүх онгойн харлаж байв. Түүний биений зарим хэсгүүдэд яс нь ил гарч, галд шатсан хувцас нь салбайн харагдаж байв. Түүний толгой дээр үс байсангүй, түүний нүд, хамар байх ёстой газар хар нүхнүүд харлан харагдаж байв. Түүний өвдөглөн сууж байсан газраас гал шатан асч тэр хүхэрт нүхний хажуугаар самардаж эхлэв. Гал түүний гар уруу асахад түүний биенээс мах тасран унаж байв.
Тэр айшигтайгаар чарлан орилоход бие нь чичирч байв. “Эзэн минь ээ, намайг эндээс гаргаач.” Түүнийг харж байтал тэр нүхний ирмэг дээр гарч ирэн хөл дээрээ зогсов. Түүнийг нүхнээс гарах нь дээ гэж бодож байтал хугарсан юм шиг хоёр том далавчтай нэгэн аварга том муу ёрын сүнс түүн уруу гүйн ирэв. Түүний бие нь бор хар өнгөтэй, аварга том бие нь үсээр хучигдсан байв. Баавгай шиг том биетэй бөгөөд нүд нь дух уруугаа хүнхийн орсон байв. Муу ёрын сүнс түүнийг шүүрэн авч галтай нүх уруу хүчтэй шидэв. Түүнийг нүхэн дотор эргэн унахыг харав. Надад үнэхээр хэцүү байв. Би түүнийг гартаа тэврэн авч Бурханаас эдгээхийг гуйж тэндээс гаргахыг хүсч байлаа.
Есүс миний бодлыг мэдэж, “Миний охин, шүүлт тогтоогдсон. Бурхан түүнд үгээ дамжуулж байсан. Би түүнийг хүүхэд байхад нь дуудаж миний өмнө гэмшин надад үйлчил гэж хэлсэн. Түүнийг 16 настай байхад би түүн дээр ирж, “Би чамд хайртай. Надад амьдралаа өгч, намайг дага. Чиний амьдралд онцгой төлөвлөгөөг бэлдсэн” гэж хэлсэн. Түүнийг би амьдралынх нь турш дуудсан боловч тэр намайг сонсоогүй. Тэр “Би хэзээ нэгэн цагт танд үйлчлэх болно. Одоохондоо би завгүй байна. Завгүй байна. Миний амьдрал хөгжилтэй сайхан байна. Есүс ээ, одоохондоо би танд үйлчилж чадахгүй. Маргааш би үйлчлэх болно” гэж хэлдэг байсан. Харин маргааш хэзээ ч ирээгүй. Тэр хэтэрхий удсан.
Эмэгтэй Есүс уруу орилж, “Миний сүнс үнэхээр их тарчлан зовж байна. Надад хаашаа ч гарах зам алга. Эзэн минь ээ, би танаас илүү дэлхийг хүсч байснаа мэдэж байна. Би эд баялаг, нэр хүнд, хувь заяаг хүсч байсан. Би хүссэнээ авсан. Би хүссэнээ худалдан авдаг байсан. Би өөрөө өөртөө эзэн нь байсан. Би цаг үеийнхээ хамгийн хөөрхөн, хамгийн гоё хувцастай эмэгтэй байсан. Би баян, нэр төртэй, хувь заяатай хүн болсон. Гэвч би үхэхдээ тэдгээрийг өөртэйгээ хамт авч явж чадаагүй. Эзэн минь ээ, тамд үнэхээр аймшигтай байна.
Надад энд өдөр шөнийн алинд ч амралт алга. Би үргэлж өвдөн шаналж байна. Эзэн минь ээ, надад туслаач” гэж хашгирав.
Эмэгтэй Есүс уруу харсан хэвээр “Эзэн минь ээ, би таныг сонссон ч болоосой. Би үүрд харамсаж байна. Би өөрийгөө бэлэн болохоор танд үйлчилнэ гэж бодож байсан. Та үргэлж миний төлөө байх болно гэж бодож байсан. Гэвч миний буруу байжээ. Би цаг үеийнхээ хамгийн сайхан эмэгтэй байсан. Бурхан намайг дуудаж байгааг би мэдэж байсан. Бурхан хайраараа намайг үргэлж өөр уруугаа татдаг байсан. Тэгээд би бусдыг ашигладаг байсан шигээ Бурханыг ч бас ашиглая гэж бодсон. Тэр миний төлөө үргэлж байх болно гэж бодсон. Тиймээ, би Бурханыг ашигласан. Тэр намайг өөртөө үйлчлүүлэхийн тулд өөр уруугаа үргэлж татдаг байсан. Гэвч би тэр үед надад Бурхан хэрэггүй гэж бодож байсан. Миний буруу байжээ. Би Сатанд ашиглуулах болсон. Би Сатанд улам их үйлчлэх болсон. Эцэст нь би түүнийг Бурханаас илүү хайрлах болсон. Би гэм нүгэлтэйгээ байх дуртай болж, Бурханаас эргэсэн.”
“Сатанаас би хүч чадлыг авахын тулд Сатан миний гоо сайхан, мөнгө, бодол санааг ашигласан. Гэсэн ч Бурхан намайг өөр уруугаа дуудсаар байсан. Гэвч би маргааш, дараа хэзээ нэгэн цагт гэж бодож байсан. Тэгээд би жолоочтойгоо машиндаа суугаад явж байтал байшин мөргөж, би үхсэн. Эзэн минь ээ, намайг эндээс гаргаач.” Тэр ийнхүү ярьж байхдаа хоёр гараараа Есүст хүрэхийг оролдож байв. Гал түүний биеийн эргэн тойронд шатсаар байв.
Есүс “Шүүлт тогтоогдсон” гэв.
Бид дараагийн нүх уруу явахад Есүсийн хацар дээгүүр нулимс урсч байв. Би тамын аймшгийг хараад дотроо уйлж байв. Эзэн минь ээ, тарчлал зовлон үнэхээр байдаг юм байна. Үхсэний дараа хүний сүнс энд ирэхэд ямар ч найдвар, ямар ч амьдрал, ямар ч хайр байхгүй. Там дэндүү бодит байдаг юм байна” гэж би уйлж байв. Энд хаашаа ч гарах арга зам байхгүй. Тэр эмэгтэй энд үүрд шатах болно.
“Цаг хурдан өнгөрч байна. Бид энд маргааш дахин ирнэ” гэж Есүс хэлэв.
Найз минь, хэрэв чи гэм нүгэлтэйгээ хэвээр амьдарсаар байгаа бол гэмшээрэй. Хэрэв чи Сүнсээр дахин төрсөн боловч Бурханаас эргэсэн бол яг одоо түүнд гэмшиж, түүн уруу эргэгтүн. Сайн амьдралаар амьдарч, үнэний төлөө зогс. Дэндүү хожимдохоосоо өмнө сэрээрэй. Тэгвэл чи тэнгэрийн улсад Бурхантай үүрд хамт байх болно.
Есүс “Там өөрийн хэлбэр дүрстэй, дэлхийн төвд нуруугаараа харан хэвтэж байдаг. Там бол хүний биеийн хэлбэр дүрстэй, маш том, тарчлан зовоох олон өрөөнүүдтэй” гэж надад хэлэв.
“Там бодитой оршин байдгийг дэлхийн хүмүүст хэл. Сая сая сүнснүүд энд байдаг, өдөр бүр энд олон сүнснүүд ирдэг. Агуу Их Шүүлтийн өдөр үхэл, там хоёр галтай мөнхийн нуурт үүрд хаягдах болно. Тэр хоёр дахь үхэл байх болно” гэв.
Үргэлжлэлийг доорх линкээр орж үзнэ үү.

http://jesus-faith.blogspot.com/2009/07/blog-post_826.html

1 comment:

  1. Uuniig unshij duusaad odoo tungaan bodoj baihad setgel mini negel gunigtai baina, Minii dotnii humuus end ochwol bi yah we gej bodogdoj baina. Mun odoo bi zowoj baiwch etsest ni bi monhod jargah yum baina shuu gesen bodol ergelzeegui Ezenii nariin zam deer zogsoj dotnii humuusiinhee tolo setgel gargan zalbirah estoig sanuullaa.......
    Zulaa

    ReplyDelete