BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, July 3, 2009

Тэнгэрийн улс

Би өмнөх 2 дугаартаа Мари К.Бакстерийн бичсэн тамын тухай түүхийг орчуулан тавьсан билээ. Одоо тэгвэл Мари К.Бакстерийн тэнгэрийн улсад очсон түүхээс хуваалцъя гэж бодлоо. Тэр тамд очсоныхоо дараа Есүстэй хамт тэнгэрийн улсад очин тэнд олон гайхамшигтай зүйлүүдийг харснаа ном болгон бичиж олны хүртээл болгосон байна. Энэ түүх та бүхнийг урамшуулна гэдэгт итгэж байна.
Энэхүү түүхийг бүтнээр нь уншихыг хүсвэл татах гэдгээр орж уншина уу.
Есүс, Катринд хэлсэн үгсМиний чамд харуулах зүйлүүдийг
Бичиж тэмдэглэж тунхаглахын тулд
Чи төрсөн
Эдгээр зүйлүүд нь итгэмжтэй бөгөөд үнэн
Чиний дуудлага бол энэ дэлхийд
Тэнгэрийн улс ба тамын тухай мэдүүлэхийн тулд юм
Есүс, би, тэднийг тарчлал зовлонгоос аварч
Тэдэнд зориулан тэнгэрийн улсыг бэлтгэхийн тулд
Эцэгээсээ илгээгдсэн билээ.

Хаалгаар ороходБурхан өөрийн агуу их хайр өршөөлөөрөө намайг тэнгэрийн улс гэж нэрлэдэг тэр сайхан газар уруу орохыг зөвшөөрсөн. Тэр газар уруу би яаж очсон, тэндээс яаж эргэж ирсэн нь миний хувьд нууцлаг хэвээр үлдсэн. Гэхдээ тэнд би үнэхээр очсон гэдгээ мэддэг.
Над шиг гэм нүгэлтэй хүнд Бурхан яаж өөрийн тэнгэрийн улсын гайхамшгийг харуулсан юм бэ гэж би боддог. Би танд эхнээс нь авахуулаад яръя.
Нэгэн шөнө Эзэн над дээр ирж, намайг онцгой зорилгоор сонгосон гэдгээ хэлэв. Тэр “Миний охин, би хүмүүсийг харанхуйгаас аврахын тулд өөрийгөө чамд илчлэн харуулж байна. Би чамайг онцгой зорилгоор сонгож авсан. Миний чамд харуулах гэж буй зүйлүүдийг бичиж тэмдэглэ” гэсэн.
Би өөрийгөө Эзэнд бүрэн даатгахад гайхалтай зүйлс тохиолдож эхлэсэн. Би гэрээсээ хаа нэг тийшээ хөөрөн нисч, өөрийн биеэр тамд очсон. Тэнд байхдаа би бүх зүйлийг мэдэрч байсан. Би үзэж, сонсож, мэдэрч, амталж, үнэртэж байв. Энэ бүгд надад ер бусын санагдаж байсан. Энэ бүхэн ямар нэг зорилгоор өгөгдөж байсныг би ойлгосон.
Эзэн намайг там уруу авч явсан тэр өдрүүдэд би зүрх сэтгэлдээ маш их гашуудаж байсан. Тамд харсан аймшигтай зүйлүүдээс болж би маш их дарамт, уйтгар гунигтай болсон. Би тамд байгаа хүмүүсийн дээр болон гэм нүглийн дээр Бурханы шийтгэл хэрхэн ирж байгааг харсан. Би Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайн, түүний амар тайванг хүсч байв.
31 дэх өдрийн шөнө эдгээр бүх зүйлс тохиолдсоны дараа, Аугаа Хүчит Бурханы хүч чадал над дээр дахин бууж ирсэн. Шөнийн 2 цагт нэгэн том тэнгэр элч миний орны хажууд зогсож байв. Тэнгэр элчийн ард Есүс Христ зогсож байгааг хараад түүн уруу харахад над уруу инээмсэглэж байв. Гэхдээ надтай юу ч ярьсангүй.
Бурханы хүч чадалтай тэнгэр элч надад “Бурхан чамд нэгэн онцгой даалгаврыг өгсөн. Би чамайг тэнгэрийн улс уруу авч явж, зарим зүйлүүдийг харуулахын тулд ирлээ” гэв.
Хэсэг хугацааны дараа тэнгэр элч надад “Явцгаая. Бурханы алдрыг харагтун” гэв.
Гэнэт би ер бусын аргаар гэрээсээ хаа нэг тийшээ хөөрөн явж, нэгэн тэнгэр элч хамгаалан зогсож буй хаалганы дэргэд ирэв.
Би эргэн тойрондоо байгаа сүр жавхланг хараад амьсгаагаа ч авч чадахгүй байв. Тэнгэр элчийн өмссөн хувцаснаас хурц гэрэл цацарч байв. Тэнгэр элч солонгын өнгө шиг гэрэлтсэн далавчтай байсан. Хэдийгээр би энэ бүгдийг мэдэж байсан ч эргэн тойронд минь Бурханы үгээр хэлшгүй гоо үзэсгэлэн, сүр жавхлан гэрэлтэж байгааг харсан. Дараа нь миний сонссон зүйл бол миний олон удаа уншиж байсан “Бурханы алдрыг харагтун” гэж тэнгэр элч дуу алдахыг сонсов.
Миний өмнө байгаа сүр жавхлантай хаалга жинхэнэ сувдан хаалга байсан. Би гайхсандаа энэ бүгдийг мартахгүйг хичээн сайн харж авав. Эндээс эхлээд би Эзэнийг хараагүй бөгөөд тэнгэрийн улсын сүр жавхлан дотор би бүхэлдээ автагдсан.
Тэнгэрийн улс уруу оровБиднийг тэнгэрийн улсад ирэхэд 2 маш өндөр тэнгэр элч хаалганы хажууд зогсож байв. Хоёулаа цагаан гэрэлтсэн хувцастай байсан бөгөөд гартаа сэлэм барьсан байв. Тэдний үс алт шиг шаргал өнгөтэй, нүүр нь гэрэлтэн харагдаж байв.
Надтай хамт явж байсан тэнгэр элч намайг орхин хаалгыг манаж байсан тэнгэр элч нар уруу явав. Би гайхсандаа “Тэнгэрийн орны хаалга ямар сүр жавхлантай юм бэ? Би энэ зүйлийг өөрийн нүдээр харж байгаа нь ямар гайхалтай юм бэ?” гэж бодов. Гэнэт би тэнгэрийн улс уруу үнэхээр очиж байгаагаа ухаарсан.
Эзэний тэнгэр элч нарыг би харж байхдаа тэдний юу ярьж байгааг сонсож чадаж байв. Тэдний нэг нь хаалга уруу дотогш орж даруй нэг ном барьсаар гарч ирэв. Номын хавтас нь алтаар хийгдсэн, доторх нь алтаар бичигдсэн байв. Энэ ном миний амьдралын түүх юм шиг санагдав. Учир нь номын хавтсан дээр миний нэр Мари Катерин Бакстер гэж бичээстэй байв.
Тэнгэр элч нарын нүүрэн дээр сайшаасан инээмсэглэл тодров. Тэд номыг онгойлгож, хоорондоо “Тэр хаалгаар орж болох юм байна” гэж ярилцахыг сонсов. Намайг дагуулан явж байсан тэнгэр элч намайг тэнгэрийн улсын сүр жавхлантай хаалгаар хөтлөн оруулав.
Гэнэт хөгжим уянгалан эгшиглэхийг би сонсов. Миний бүх талаас сонсогдож байсан. Миний дээрээс бас сонсогдож байв. Миний бүхий л биеийг нэвтрэн эгшиглэж байв. Эгшиглэнт хөгжим ар араасаа цувран ирж өргөн их газар цуурайтан сонсогдож хүн болгоныг юм болгоныг өөртөө шингээн уянгалан эгшиглэж байгаа мэт санагдаж байв.
Тэнгэрийн улс уруу алхан ороход би дахиад л амьсгаагаа авч чадахгүй алмайрав. Тэнгэрийн улсын сүр жавхлан үгээр илэрхийлэхийн аргагүй. Миний эргэн тойронд урьд өмнө нь амьдралдаа хэзээ ч харж байгаагүй янз бүрийн гоё өнгөтэй цэцэгнүүд байв. Хаа сайгүй ер бусын ногоон өнгөтэй зүлэгнүүд. Цэцэгсийн дэлбээнүүд хөгжмийн аянд ганхан хөдөлж дуулж байх шиг санагдав.
Хөгжим миний биеийг нэвтлэн орж би түүний нэг хэсэг нь мэт санагдаж байв. Энэ бол тэнгэрийн улсын гайхамшгийг илэрхийлэх нэг зүйл бөгөөд бас нэгэн илэрхийлж болох зүйл бол баяр хөөр байв.
Би тэнгэрийн улсын баяр хөөрөөр дүүрэн зарим хүмүүсийг харсан. Тэд бүгд урт дээлтэй байсан. Надад Библийн үгс санагдаж байв.
Би Эзэний дотор ихэд бахдан
Сэтгэл минь миний Бурханд баярлана.
Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж,
Сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг
Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож,
Авралын хувцсаар хувцасласан юм.
(Исаиа 61:10)
Тэдний царай үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, аз жаргалаар дүрэн байсан. Тэнгэрийн улс бодитой байдаг. Энэ бол хүний санаанаасаа зохиосон зүйл биш. Библид Есүс “Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн надад итгэ. Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна” (Иохан 14:1-2) гэж хэлсэн байдаг.
Тэнгэрийн улс бол бэлтгэгдсэн хүмүүст зориулсан бэлтгэгдсэн газар юм. Бид дахин төрсөн Бурханы хүүхдүүд учраас гайхамшигт төрөлтөөр Христийн дотор шинэ бүтээл болсон учраас бидний Аврагч Эзэнийн бэлдсэн тэр мөнхийн газар бид үүрд амьдрах болно гэдгийг мэдэх нь хичнээн их баяр жаргал вэ?
Тэнгэрийн улс бол төгс газар. Бидний Аврагч бол төгс, бүхнийг чадагч, мөнхийн учраас тэнгэрийн улс бас төгс газар. Тэр биднийг өөртэйгээ хамт мөнхөд байлгах газрыг бэлдэж байгаа учраас бидний мөнх гэр бол төгс юм. Бидний мөнхийн гэр бол юутай ч харьцуулашгүй. Тэнгэрийн улсад нэг ч бохир зүйл, нэг ч хар толбо байхгүй.
“Харин ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу” (Илчлэлт 21:27).Тэнгэрийн улсад ямар ч гэм нүгэл, гэмтэн байхгүй. Сатан тэнгэрийн улсаас үүрд таслагдсан.
“Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж. Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо...
Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэр элч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх агуу том луу буюу ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав. Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. “Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч доош хаягдсан учраас эдүгээ бидний Бурханы аврал, хүч, хаанчлал ба түүний Христийн эрх мэдэл хүрч ирлээ...
Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ. Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа. Луу дэлхий уруу хаягдсанаа хараад хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө” (Илчлэлт 12:3—4, 7—10, 12—13).
Тэр хорон могой Сатан, түүний хамтрагчид дахин хэзээ ч тэнгэрийн улсын ариун газар уруу шургалж чадахгүй.
Муу ёрын сүнснүүд тэнгэрийн улс уруу хэзээ ч орж чадахгүй. Бурханы эсрэг тэрсэлж, “эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй харин ч орон байраа орхин одсон” (Иуда 6) тэнгэр элч нар дахин хэзээ ч тэнгэрийн улсад орж чадахгүй.
Бид дэлхий дээр хаана ч амьдарсан ч гэлээ, хичнээн сайхан үнэтэй байшинд амьдарсан ч гэлээ тэр нь төгс төгөлдөр байж чаддаггүй, ямар нэгэн юм дутагддаг. Тэнгэрийн улсыг үүнтэй харьцуулахын бол эсрэгээрээ Бурхан тэнгэрийн улсыг бүтээхдээ ямар ч алдаа гаргаагүй. Тэнгэрийн улсын сүр жавхлан, гоо үзэсгэлэн, гайхамшигт байдал нь хүний төсөөлөл, бодол санаатай харьцуулашгүй. Тэр сайхан газрыг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Бурханы Хүүгийн гайхамшигтай гэрэл хас чулуун хана, сувдан хаалга, тоо томшгүй байшингуудын дээр гэрэлтэн цацрах бөгөөд Амийн голын үзэсгэлэнт байдлыг ямар ч уран зурагчин бүтээж чадашгүй.
Аврагдсан сүнснүүдийн гэрТэнгэрийн улс бол байнга орших газар. Ямар ч дайсан Бурханы улсыг эзэлж чадахгүй. Тэнгэрийн улсын байшин хэзээ ч нурахгүй, хэзээ ч муудахгүй, хэзээ ч өнгө төрхөө алдахгүй. Түүний ариун орчныг ямар ч манан, тусгал сүүдэрлэж чадахгүй.
Энэ оршин суух газар бол мөнхийн байнга орших газар юм. Хатти Бюль өөрийн нэгэн дуундаа:
“Майхан, ордон, шилтгээний алийг ч би тоохгүй
Учир нь тэнд миний орон байрыг засч байгаа
Таны алдар бадраг гэж би дуулах болно
Бүх алдар таных, би Хааны охин” гэж дуулсан байдаг.
Энэ гайхамшигтай газар ариун хүмүүс өөрсдийн бүх уй гашуу, өвдөлт, эмгэнэл, тахлаасаа ангижрах болно. Энд уйтгар гуниг, уй гашуу байхгүй. Шаналал зовлон, уйлах дуу байхгүй.
“Тэр тэдний нүднээс нулимс бүрийг арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо” (Илчлэлт 21:4).Тэнгэрийн улсад харсан баяр хөөртэй хүмүүс янз бүрийн насны, янз бүрийн орноос ирсэн хүмүүс байсан. Янз бүрийн үндэстэн ястны хүмүүс гэдэг нь илт байсан. Энэ үед надад Библийн ишлэл санагдаж байсан.
“Тэд шинэ дуу дуулж “Хуйлмал номыг авч лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө ариун цусаар худалдан авч өгсөн билээ” (Илчлэлт 5:9).Бурханы магтаалын ажилТэнд би Христийн гэр бүлийг харсан. Хүн бүр баяр жаргалтай, ямар нэгэн юм хийж, инээж байсан. Хүн бүрийн царай гэрэлтэж байсан.
Тэнгэрийн улсын ариун хүмүүс болгон ямар нэгэн юм хийдэг юм шиг санагдсан. Тэд үргэлж завгүй харагдаж байсан. Тэд Бурханыг магтан өргөмжилж завгүй байсан. Хүн бүрийн ам Бурханыг магтан дуулж байсан. Тэнгэрийн улсад дуу хуур ноёрхож байсан.
Зарим хүмүүсийн боддогоор тэнгэрийн улс бол дуртай зүйлээ хийж цагийг өнгөрүүлдэг, юу хийхээ мэддэггүй залхуучуудын газар биш. Бид тэнд үүлэн дээгүүр хөвж, бүрээ үлээн, Амийн голын усанд хөлөө дүрэхээс илүү зүйлийг хийх болно. Бидний цаг Бурханыг магтах магтаалаар завгүй байх болно. Энэ үйлчлэл нь яг ямар байхыг би мэдэхгүй ч Түүний хүмүүс тэнд үйлчилсэн хэвээр байх болно.
Авралын зар тараагчдад зориулсан алмаазуудТэнгэрийн улсад би гялтганан гялалзах онцгой гэрэлтэй алмаазууд хаа сайгүй байхыг харсан. Зарим нь цементэн блок шиг том том хэмжээтэй байв. Зарим нь дэлхий дээр байгаа авралын зар тараагчдын тэнгэрийн улс дахь байшинг барихад зориулагддаг юм шиг санагдсан. Хэрэв Христчин хүн, хэн нэгнийг Есүс уруу авчирвал тэр итгэлтэй Христчинд тэнгэрийн улс алмаазаар шагнадаг юм шиг санагдсан. Библид хэлэхдээ:
“Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм. Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна” (Сургаалт үгс 11:30).“Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно” (Даниел 12:3) гэсэн.
Намайг энэ сүр жавхлант газрын яруу алдар, үзэсгэлэнт байдалд умбаж байхад нэгэн хүч чадалтай, үзэсгэлэнтэй сайхан тэнгэр элч замаар ирж байхыг харав. Тэр гартаа алтан эмжээртэй хуйлмал барьсан байв.
Тэнгэр элч миний урьд өмнө амьдралдаа харж байгаагүй мөнгөн ширээн дээр хуйлмалыг дэлгэв. Энэ зуйван маягийн ширээ гэрэлтэн харагдаж байв. Хуйлмал дээр хүмүүсийн нэрс байв. Нэгэн ариун хүн хуйлмалыг авч уншиж эхлэв.
Нэгэн ариун хүн надад “Есүс бол барилгын эзэн. Тэр алмаазын эзэн хэн болохыг мөн тэд хаашаа явахыг шийддэг” гэж хэлэв. Энэ хуйлмал дээр Есүс уруу хүмүүсийг авчирдаг, ядуусыг хооллож, нүцгэнийг хувцасладаг, Бурханы төлөө агуу зүйлүүдийг хийдэг дэлхий дээрх хүмүүсийн тухай байв.
“Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад хонио Өөрийн баруунтайд, ямааг зүүнтэйд байлгана. Тэгээд Хаан Өөрийн баруунтайд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. Учир нь Намайг өлсөж байхад та нар идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн. Намайг харь хүн байтал урьж оруулсан, нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ” гэхэд зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ? Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ? Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ? гэх болно. Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг болно” гэж хэлнэ. Тэгээд Тэр Өөрийн зүүнтэйд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор... Тэд мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм гэж айлдлаа” (Матай 25:31—41, 46).Хүн болгонд зориулсан өрөөТэнгэр элч надад “Явъя. Бурханы алдрыг харцгаая” гэж урив. Эзэний чиглүүлэлтээр би тэнгэрийн улсад юу харснаа бичиж байна. Бидний итгэл найдвар, хүсэл мөрөөдөл маань Эзэнтэй хамт мөнхөд байх тэр газар байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэнгэрийн улс бол мөрөөдөл биелдэг газар юм.
Би тэнгэрийн улсын тухай бодох болгондоо сэтгэл минь хөдөлдөг. Бидний энэ дэлхий дээрх ажил үүрэг, хөдөлмөр маань дуусахад бид энэ дэлхийг орхин тэнгэрийн улс уруу явна. Бурхан бидэнд тэнгэрийн улсыг бэлдсэн бөгөөд Есүс түүнийг хайрладаг хүн болгонд орон байрыг бэлтгэж байна.
Үргэлжлэл бий ...

2 comments:

  1. Mash saihan medee baina. Tanid bayrlalaa uuniig orchuulj tawij baigaad.
    Zulaa

    ReplyDelete
  2. Tiim bgaaz, nadad uur olon saihan materialuud bgaa, orchuulahad jaahan tsag shaardah yumaa, ali chadhaaraa goy goy materialuud orchuulj tavinaa,bi ch uuruu mash ih uramtai boldog.

    ReplyDelete