BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Sunday, July 19, 2009

"Тамын бодит үнэн" 4-р бүлэг


Дөрөвдүгээр бүлэг
Олон нүхнүүд
Дараагийн шөнө Есүс бид хоёр тамын баруун хөл уруу явав. Есүс тамд буй алдагдсан сүнснүүдийг хайрласаар байгааг би харсан. Бас тэр намайг болон дэлхий дээрх хүмүүсийг хайрлаж байгааг мэдэрсэн.
Тэр “Охин минь, хүн үхлийг сонгох нь Эцэгийн хүсэл биш. Сатан олон хүмүүсийг хуурч өөрийнхөө араас дагуулдаг. Гэвч Бурхан өршөөнгүй. Тэр бол хайрын Бурхан. Хэрэв эдгээр хүмүүс Бурхан уруу чин сэтгэлээсээ эргэж, гэм нүгэлдээ гэмшсэн бол уучлагдах байсан” гэж хэлэв. Есүсийн царайн дээр хайр тодрохыг мэдрэв.
Бид дахин галтай нүхнүүдийн дундуур өнгөрөн, урьд хэлсэнчлэн тарчлагдан зовж буй хүмүүсийг өнгөрөн явав. “Эзэн минь ээ, Эзэн минь ээ, ямар аймшигтай юм бэ?” гэж би бодож байв. Бид тамд шатаж буй сүнснүүдийн хажуугаар өнгөрөн явсаар байв.
Бидний хажуугаар шатаж буй гарнууд Есүст хүрэхийг оролдож байв. Тэдний бие мах биш харин зүгээр л яснууд, махных нь оронд муудаж ялзарсан, үхсэн мах шиг юмнууд унжиж байсан. Тэдний араг ясны дотор тэнд үүрд түгжигдсэн манан шиг сүнснүүд байсан. Тэдний хашгирч буй дуунаас гал тэднийг хэрхэн шатааж байгааг, тэдний биеэр дамжин явж байгаа өтнөөс болж хэрхэн зовж шаналж байгааг, итгэл найдваргүй байдлыг би мэдэрч байв. Тэдний хашгираан намайг үгээр илэрхийлэхийн аргагүй зовоож байсан. Хэрэв тэд Есүсийг сонссон бол энд ирэхгүй байх байсан гэж би бодож байв.
Тамд алдагдсан сүнснүүд бүгдийг мэдэрдгийг би мэдсэн. Дэлхий дээр тэдэнд анхааруулан хэлж байсан үгсийг тэд тод санаж байдгийг би мэдсэн. Тэд энэ галтай тамаас гарах ямар ч арга зам байхгүй бөгөөд энд үүрд алдагдсан гэдгээ мэдэж байсан. Гэсэн ч тэд итгэл найдваргүйн дунд Есүс уруу өршөөл эрэн хашгирсаар байсан.
Бид дараачийн нүхэн дээр ирж зогсов. Энэ нь бусад нүхнүүдтэй адил нүх байв. Энэ нүхний дотор эмэгтэй хүн байгааг би хоолойгоор нь таньсан. Тэр эмэгтэй Есүс уруу аврахыг гуйн хашгирч байв.
Есүс эмэгтэй уруу хайр дүүрэн нүдээр харж, “Дэлхий дээр байхад би чамайг өөр уруугаа ирэхийг дуудсан. Хожимдохоосоо өмнө надад зүрх сэтгэлээ өгөхийг би чамаас асуусаар байсан. Чам дээр би шөнө ирж хайртай гэдгээ хэлж байсан. Би чамайг энэрэн хайрлаж, Өөрийнхөө Сүнсээр Өөр уруугаа татсаар байсан. Тэгнээ Эзэн минь ээ, би таныг дагана гэж чи хэлдэг байсан. Чи амаараа надад хайртай гэж хэлдэг байсан боловч зүрх сэтгэл чинь надад худал хэлдэг байсан. Чиний зүрх сэтгэл хаана байдаг байсныг би мэднэ. Чамайг гэм нүгэлдээ гэмшиж, над уруу ирэхийг би өөрийнхөө элч нараар дамжуулан хэлдэг байсан. Гэвч чи намайг сонсоогүй. Би чамайг өөртөө үйлчлэхийг хүсч, бусдыг миний өмнө авчрахыг хүсдэг байсан. Гэвч чи намайг биш дэлхийг хүссэн. Би чамайг дуудсан боловч чи сонсоогүй, гэм нүгэлдээ гэмшээгүй” гэв.
Эмэгтэй Есүст хандан “Эзэн минь ээ, та намайг сүмд явдаг сайн эмэгтэй байсныг мэднэ. Би сүмд нэгдэж, сүмийн гишүүн болсон. Та намайг дуудаж байгааг би мэдсэн. Би таны дуудлагын төлөө ямар ч үнээр хамаагүй явах ёстой гэдгээ мэдэж байсан” гэв.
Есүс “Эмэгтэй чи одоо хүртэл худал хуурмаг, гэм нүглээр дүүрэн байна. Би чамайг дуудсан гэвч чи намайг сонсоогүй! Чи сүмийн гишүүн болсон нь үнэн, гэвч сүмийн гишүүн болсноороо тэнгэрийн улсад орно гэсэн үг биш. Чиний гэм нүгэл их байсан гэвч чи гэмшээгүй. Чи бусдыг Миний Үгэн дээр бүдрэхэд хүргэсэн. Хүмүүс чамайг гомдооход тэднийг уучлаагүй. Чи бусад итгэгч нартай хамт байхдаа намайг хайрлаж, надад үйлчилж байгаа мэт дүр үзүүлдэг байсан гэвч тэднээс холдон явахаараа худал хэлж, хуурч, хулгайлдаг байсан. Чи уруу татагч сүнсэнд хаалгаа нээн өгч, хоёр нүүртний амьдралдаа дуртай болсон. Чи нарийн, шулуун зам гэж юу болохыг мэддэг байсан. Чи бас хоёр хэлтэй байсан. Христэд итгэдэг ах дүү нарынхаа тухай хов жив ярьдаг байсан. Тэднийг шүүж, өөрийгөө тэднээс ариун гэж боддог байсан. Чиний зүрх сэтгэлд гэм нүгэл орж ирсэн. Ийм байдлаар би чамайг миний Ариун Сүнсний дуу хоолойг сонсохгүй гэдгийг би мэдсэн. Хүмүүсийг чи гадна байдлаар нь дүгнэж олон хүн итгэл дотор алхаж байгааг чи мэдээгүй. Чиний зүрх сэтгэл хатуу байсан. Тийм ээ, чи надад хайртай гэж хэлдэг байсан боловч зүрх сэтгэл чинь худлаа ярьдаг байсан. Чи Эзэний зам зам гэж юу болохыг мэдэж, ойлгодог байсан. Бурханаар чи тоглосон гэвч Бурхан бүгдийг мэднэ. Хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж байсан бол энд ирэхгүй байх байсан. Хүн Бурхан ба Сатаныг нэгэн зэрэг дагаж чадахгүй.”
Есүс над уруу эргэж “Сүүлчийн өдрүүдэд олон хүн уруу татагч сүнсэнд хууртаж, гэм нүглийн төлөө үйлчлэн, итгэлээсээ ухарна. Тэднийг өөрсдийнхөө дундаас зайлуулж, тусгаарлагтун. Тэдэнтэй хамт бүү алх” гэж хэлэв. Биднийг холдон явахад эмэгтэй Есүсийг хараан зүхэж эхлэв. Тэр уур хилэнтэйгээр хашгирч байв. Бид цааш явав. Миний бие маш сул дорой болсон байв.
Дараагийн нүхэнд бас нэгэн араг ясан сүнс байв. Биднийг энэ нүхэнд ойртож ирэхээс ч өмнө үхлийн муухай үнэр ханхалж байв. Энэ араг ясан сүнс бусадтай мөн адил харагдаж байсан.
Энэ аймшигтай газар ямар ч итгэл найдваргүйгээр үүрд алдагдсан энэ сүнс энд ямар учраас байгаа юм бол гэж би бодов. Там бол мөнхөд үргэлжлэх газар. Тарчлагдан зовж байгаа сүнснүүдийн уйлахыг сонсоод би бас уйлж байв.
Энэ эмэгтэй галтай нүхнээс Есүстэй ярихыг сонсов. Тэр Библийн үгнээс иш татан ярьж байв. “Эзэн минь ээ, энэ эмэгтэй энд юу хийж байгаа юм бэ?” гэж би асуув.
“Сонсогтун” гэж Есүс хэлэв.
Эмэгтэй “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. Есүс бол энэ хорвоогийн гэрэл. Есүс уруу ир, тэр чамайг аврах болно” гэж ярихыг сонсов.
Түүнийг ийнхүү ярьж байхад түүнийг эргэн тойронд буй олон сүнснүүд анхааралтай чагнаж байв. Зарим нь түүнийг хараан зүхэж байв. Зарим нь яриагаа боль гэж хэлж байв. Зарим нь “Бидэнд үнэхээр найдвар бий гэж үү? Есүс минь бидэнд туслаач” гэж хэлж байв. Уй гашуутай орилоон чарлаан орчныг дүүргэв.
Би юу болоод байгааг ойлгохгүй байв. Тэр эмэгтэй яагаад тэнд сайн мэдээ номлож байгааг би ойлгохгүй байв.
Эзэн миний бодлыг мэдэж, “Охин минь, энэ эмэгтэйг 30 настай байхад миний үгийг тунхаглаж, сайн мэдээний гэрч байхаар би дуудсан юм. Би өөрийн биеийн хэсэг болгоныг өөр өөрийн зорилгоор дууддаг. Гэвч эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн миний Сүнсийг авахаас татгалзвал би тэднийг орхих болно. Тийм ээ, тэр миний дуудлагыг олон жилийн турш дагаж, Бурханы Үгийн мэдлэг дотор өссөн. Тэр миний дуу хоолойг таньж, миний төлөө олон сайн зүйлүүдийг хийсэн. Тэр Бурханы Үгийг судалж, үргэлж залбирдаг байсан, түүний олон залбирал хариулагдсан. Тэр олон хүнд ариун зам гэж юу болохыг зааж, миний гэрт итгэмжтэй байсан. Дараа нь олон жилийн дараа тэр нөхрийгөө нууц амрагтай болсныг мэдсэн. Нөхөр нь түүнээс уучлал гуйсан боловч түүний зүрх сэтгэлд гашуудал хорсол хурж, түүнийг уучлахыг хүсээгүй бөгөөд гэр бүлээ сэргээхийг оролдоогүй. Нөхөр нь буруу зүйл хийж, маш аймшигтай гэм нүгэл хийсэн нь үнэн. Гэвч энэ эмэгтэй Миний Үгийг мэдэж байсан. Тэр уучлах ёстой гэдгийг, уруу татлагад орсон бол түүнээс гарах арга зам байдаг гэдгийг мэдэж байсан. Нөхөр нь түүнээс уучлал гуйсан. Гэвч тэр уучлаагүй харин ч уур хилэнд баригдсан. Тэр энэ асуудлынхаа төлөө надад хандаагүй. Тэр өдөр бүр хорсол занал дотроо өсч, “Би энд Бурханы төлөө үйлчилж байхад миний нөхөр өөр хүүхэнтэй явалдаж байх гэж! Энэ тэгээд зөв юм гэж үү?” гэж надаас асуудаг байсан.
Би “Үгүй ээ, энэ бол буруу. Гэвч тэр чам дээр ирж уучлал гуйж, дахиж тийм зүйл хийхгүй гэж хэлсэн шүү дээ. Охин минь, чи өөрийнхөө доторхыг хар. Чи өөрийгөө зовоож байна” гэж хэлсэн.
Тэр “Үгүй тийм биш. Би гэмгүй байсан харин тэр гэм үйлдсэн” гэж хэлээд намайг сонсохоос татгалзсан.
Цаг хугацаа өнгөрсөөр тэр надтай ярьж, Библи уншихаа больсон. Тэр зөвхөн нөхөртөө төдийгүй эргэн тойронд байгаа хүмүүст уурлан хилэгнэх болсон. Тэр Библиэс заадаг байсан боловч нөхрөө уучлаагүй. Намайг сонсохоос татгалзаж, зүрх сэтгэлд нь хорсол занал өссөөр нэгэн аймшигтай гэм нүгэл түүний зүрх сэтгэлд орж ирсэн. Урьд нь хайр байсан зүрх сэтгэлд нь аллага хийх бодол төрөх болсон. Тэгээд нэгэн өдөр тэр уур хилэн дотроо нөхрийгөө болон нөгөө эмэгтэйг алсан. Сатан түүнийг бүрэн эзэмдэж, эцэст нь тэр өөрийгөө алсан.
Христийг орхиж, өөрийгөө галтай нүхэнд, шаналал зовлон дунд ялласан тэр алдагдсан сүнс уруу би харав. Тэр Есүстэй ярьж байхыг сонсов. “Би одоо уучлах болноо, Эзэн минь ээ. Намайг эндээс гаргаач. Би одоо таныг дагах болно. Намайг харж байна уу, би таны Үгийг одоо зааж байна. Цагийн дараа муу сүнс намайг улам илүү тамлахаар ирнэ. Тэд намайг олон цагийн турш тамлах болно. Яагаад гэвэл би таны Үгийг зааж байгаа учраас намайг улам тамлан зовоох болно. Эзэн минь ээ, гуйж байна, намайг эндээс гаргаач” гэв.
Би нүхэнд буй эмэгтэйтэй хамт уйлж, Эзэнээс миний зүрх сэтгэлийг хорсол заналаас хамгаалахыг гуйв. “Миний зүрх сэтгэлд үзэн ядалт орж ирэхийг бүү зөвшөөрөөч” гэж би гуйв.
“Нааш ир, одоо явцгаая” гэж Есүс хэлэв.
Дараагийн нүхэнд араг ясан дотор буй нэгэн эрэгтэйн сүнс Есүс уруу хашгирч байв. Тэр “Эзэн минь ээ, би яагаад энд байгааг ойлгоход туслаач” гэж хашгирч байв.
Есүс “Амар тайван байгтун. Чи яагаад энд байгаагаа мэдэж байгаа” гэв.
Тэр “Намайг эндээс гаргаач. Одоо би сайн хүн байх болноо” гэж гуйв.
Эзэн түүнд “Чи тамд байхдаа ч худал ярьж байна” гэв.
Есүс над уруу эргэн харж, “Энэ хүн энд 23 настайдаа ирсэн. Тэр миний сайн мэдээг сонсоогүй. Тэр Миний Үгийг олон удаа сонсож, миний гэрт байсан. Би түүнийг өөрийнхөө Сүнсээр аврал уруу ирэхийг ятгасан боловч тэр дэлхийн дур сонирхлыг сонгосон. Тэр архи уух дуртай болж, миний дуудлагыг орхисон. Тэр сүмд өсч торнисон боловч надад өөрийгөө өгөөгүй. Тэр надад нэгэн өдөр би танд амьдралаа өгөх болно гэж хэлдэг байсан. Гэвч тэр өдөр хэзээ ч ирээгүй. Нэгэн өдөр үдэшлэгийн дараа тэр машины осолд орж, үхсэн. Сатан түүнийг эцсийн мөч хүртэл хуурсан.”
“Тэр газар дээрээ нас барсан. Тэр миний дуудлагыг сонсоогүй. Бусад хүмүүс бас түүнтэй хамт үхэцгээсэн. Сатаны ажил бол алах, хулгайлах, устгахын тулд байдаг. Тэр миний Үгийг сонссон ч болоосой! Хүн үхлийг сонгох нь Эцэгийн хүсэл биш. Сатан энэ хүний сүнсийг авахыг хүссэн бөгөөд тэр анзааргагүй байдал, гэм нүгэл, архины донтолтоороо өөрийгөө устгасан. Олон гэр бүлүүд архинаас болж жил бүр сүйдэж байна” гэв.
Хүмүүс энэ дэлхийн дур сонирхол, хүсэл тачаал түр зуурынх гэдгийг мэддэг ч болоосой! Хэрэв та Есүс Эзэн уруу ирвэл таныг архины донтолтоос чөлөөлөх болно. Есүсийг дууд, тэр таныг сонсож аврах болно. Тэр таны найз болох болно. Тэр танд хайртай бөгөөд таныг уучлах хүч чадалтай гэдгийг санагтун.
Гэрлэсэн итгэгчдээ Есүс танд завхайрч болохгүй гэж хэлж байна. Та завхайраагүй ч гэсэн эсрэг хүйстнийхээ хүнийг хүсэх юм бол энэ чинь таны зүрх сэтгэлд гэм нүгэл байх болно.
Залуучуудаа, хар тамхи, завхайрлаас хол байгтун. Хэрэв та гэм хийвэл Бурхан таныг уучлах болно. Одоо цаг байгаа дээр түүнийг дуудагтун. Хүчтэй итгэгчдийг олж, өөрийнхөө асуудлын тухай ярь. Хожимдохоосоо өмнө энэ дэлхий дээр байхдаа цаг хугацааг хожих юм бол та хожим нь баярлах болно.
Сатан энэ дэлхий дээр тэнгэр элчийн дүртэй ирж, дэлхийг хуурдаг. Энэ залуу Бурханы ариун Үгийг мэдэж байсан ч гэм нүгэл уруу уруу татагдсанд гайхах юм алга. Нэг удаагийн үдэшлэг шүү дээ, Есүс ойлгох болно гэж тэр бодсон. Гэвч үхэлд өрөвдөх сэтгэл байхгүй. Тэр дэндүү оройтсон.
Би залуугийн сүнс уруу хараад өөрийнхөө хүүхдүүдийг бодсон. “Өө, Эзэн минь ээ, тэд танд үйлчлэх болтугай.” Энэ номыг уншиж байгаа хэнд ч боловч там уруу явуулахыг хүсдэггүй хайртай хүмүүс, үр хүүхдүүд байгаа. Дэндүү хожимдохоосоо өмнө тэдэнд Есүсийн тухай ярь. Тэдэнд гэм нүгэлдээ гэмшиж, Бурханы уучлалыг хүлээн авч, ариун амьдралтай болохыг хэл.
Залуугийн дуу миний чихэнд олон өдрийн турш сонсогдсоор байсан. Би түүний харамсал гашуудал дүүрэн дууг хэзээ ч мартахгүй. Би түүний ясан дээр тохоотой байсан өмхийрч ялзарч буй махнууд хэрхэн унжиж байсныг санаж байна. Түүний ялзарсан үхмэл үнэр, харанхуй хоёр нүд, бохир саарал сүнс, биеийнх нь дээгүүр гүйлдэх өтнүүдийг хэзээ ч мартахгүй. Биднийг дараачийн нүх уруу явахад залуугийн араг ясан бие Есүс уруу гараа сунган гуйсаар байв.
“Эзэн минь ээ, надад хүч өгөөч” гэж би гуйв. Би эмэгтэй хүний цөхрөнгүй дууг сонсов. Үхсэн сүнснүүдийн дуу хаа сайгүй сонсогдож байв.
Удалгүй бид эмэгтэйн байгаа нүхэн дээр ирэв. Тэр өөрийгөө нүхнээс татаж гаргахыг хамаг чадлаараа гуйж байв. “Эзэн минь, би энд удаан тарчлаагүй гэж үү? Миний тарчлал зовлон миний тэсвэр тэвчээрээс давж байна. Эзэн минь, намайг эндээс гаргаач.” Түүнийг уйлахад бие нь чичирч, хоолойнд нь өвдөлт сонсогдож байв. Тэр асар их зовж байгааг би мэдсэн.
Би “Есүс ээ, та ямар нэгэн юм хийгээч дээ” гэж хэлэв.
Есүс эмэгтэйтэй ярив. “Дэлхий дээр байхад чинь би чамайг дуудсан, өөр уруугаа ирэхийг дуудсан. Намайг зүрх сэтгэлдээ оруулж, бусдыг уучлан, зөвийг үйлдэж, гэм нүглээс хол байхыг гуйсан. Би чам дээр шөнө ирж, Ариун Сүнсээрээ үргэлж ойр байхыг хүсч байсан. Надад хайртай гэж чи амаараа хэлдэг байсан боловч зүрх сэтгэл чинь надаас хол байсан. Бурханаас юуг ч нууж болдоггүйг чи мэдэхгүй гэж үү? Чи бусдыг хуурсан гэвч намайг хуурч чадахгүй. Би өөрийн хүмүүсээ чам уруу илгээж, гэм нүгэлдээ гэмшихийг гуйсан боловч чи намайг сонсоогүй. Чи хэзээ ч намайг сонсож байгаагүй, хэзээ ч намайг харж байгаагүй, уур хилэн дотроо чи надаас эргэсэн. Би чамайг миний Үгийг сонсох газар аваачсан. Гэвч чи надад зүрх сэтгэлээ өгөөгүй.”
“Чи харамсаж гашуудаагүй, хийж буй зүйлдээ ч ичээгүй. Чи зүрх сэтгэлээ хатууруулж, надаас эргэсэн. Одоо чи үүрд алдагдсан бөгөөд үүрд гэмтэйгээ үлдэх болно. Намайг чи сонссон ч болоосой.”
Яг тэр мөчид эмэгтэй Есүс уруу харж, Бурханыг хараан зүхэж эхлэв. Би муу сүнснүүдийн оршихуйг мэдэрч, тэд хүмүүст нөлөөлөн харааж зүхэж байгааг мэдсэн. Тамд үүрд алдагдах нь ямар их харамсал гашуудал вэ? Одоо боломжтой байгаа дээрээ диаволыг эсэргүүц, чамаас зугтах болно.
Есүс “Дэлхий ба түүн доторх бүх зүйлс устаж алга болно, харин миний Үг хэзээ ч өнгөрөн устаж алга болохгүй” гэж хэлэв.
Үргэлжлэл бий ...

Saturday, July 18, 2009

Тэнгэрийн улс үргэлжлэл


Бурханы хаан ширээ
Тэнгэрийн улс бол бодитой. Энэ бол үнэн бодит хувь заяа. Энэ бол ямар нэг бодол төсөөлөл эсвэл унтаад сэрэх зүүд биш. Бурхан бидэнд Бичээсээр дамжуулан тэнгэрийн улсын бодит олон зүйлүүдийг илэрхийлсэн.
Нэг дэх тэнгэр
Эхлээд тэнгэр байдаг. Энэ бол дэлхийг тойрон байдаг агаар мандал юм. Энэ бол шувууд нисч, салхи салхилан, бороо ордог тэнгэр юм. Тэнгэрийн тухай Үйлс 1:11-д тэнгэр элчийн тухай дурддаг “... юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ?” гэсэн хэсэгт гардаг. Есүс Эцэгтэйгээ ярьж байхдаа “... тэнгэр өөд мэлмий өргөн...” ярьсан (Иохан 17:1).
Хоёр дахь тэнгэр
Дараа нь сансар огторгуй байдаг. Энэ бол нар, сар, од гариг байдаг хэсэг. Библид энэ тухай дурдсан байдгаас цөөхнийг дурдвал:
Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.
(Эхлэл 22:17)
Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.
(Дэд хууль 4:19)
Чи Мичид зургааг холбож, Марал гурвыг салгаж чадах уу?
Чи оддын ордуудыг улиралд нь удирдаж, Долоон бурханг түүний дагуулаар залж чадах уу?
Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэж, тэдгээрийн газар дэлхий дээрх хуулиудыг тохируулж чадах уу?
(Иов 38:31-33)
Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.
(Исаиа 13:10)
Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
(Матай 24:29)
Гурав дахь тэнгэр
Зөвт хүмүүсийн хувь заяа агаар мандал, сансар огторгуйгаас цаана оршдог. Энэ газрын тухай Паул “Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу, эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ” гэж хэлсэн байдаг (2 Коринт 12:2).
Миний номонд хэрэглэгдэх энэ нэр томьёо бол Бурханы шууд оршихуйг илэрхийлж буй газар юм.
"Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ."
(Еврей 9:24)
Гурав дахь тэнгэр бол Бурханы амьдарч буй газар юм \орч. тэнгэрийн улсыг хэлж байна\. Есүс бидэнд хэрхэн залбирахыг заахдаа "Тэнгэрт байгаа бидний Эцэг минь... “ гэж заасан (Mатай 6:9).
Хаадын дээд 8:30-д тэнгэрийн улс бол Бурханы орших газар гэж нэрлэгдсэн байдаг. Дуулал 11:4–д энэ газрыг Бурханы ариун сүм, түүний хаан ширээ орших газар гэж хэлжээ.
Энд Бурханы тэнгэрлэг сүр жавхлан, хүч чадал маш тод илэрхийлэн харагдах болно. Энэ бол хайр, гэрэл, баяр жаргал, яруу алдрын ариун газар юм. Бид энэ газар яг хаана байдгийг мэдэхгүй ч Библид энэ газрыг “дээр орших газар” гэж хэлсэн байдаг.
Бид Агуу Хүчит Бурхан тэнгэрийн улсад оршдог гэдгийг мэддэг. Тэнд Бурхан ба Есүс Христ хоёр бүх ариун хүмүүс, тэнгэр элчүүд, тэнгэрлэг биетүүдийн магтан алдаршуулах гол төв нь байх болно.
Тэнд ямар гайхамшигтай яруу алдар байх бол оо? Тэнгэр элчүүд тэнд байх болно, Есүс хэлэхдээ “... Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг” (Maтай 18:10) гэсэн.
Тэнд ариун хүмүүс байх болно, Есүс "... Би хаана байна, та нар мөн тэнд байх болно”гэж амласан (Иохан 14:3). 1Петр 1:4-т бидэнд зориулан хадгалагдаж байгаа тэнгэрийн улсын баялаг хэзээ ч мөхөж, муудаж алга болохгүй гэж хэлсэн байдаг.
Ариун хүмүүс ээ, эдгээр Библийн ишлэлүүд тэнгэрийн улсад очсон миний айлчлалыг гэрчилж байгаа юм. Та бүхэнд тэнд харсан зүйлүүдийн талаар болон уулзсан хүмүүсийн талаар гэрчлэхдээ миний сэтгэл маш их хөдөлж байна.
Тэнгэрийн улсын магтаал
Бурханы тэнгэр элч надад нулимсны өрөөг үзүүлсний дараа тэнгэрийн улсад олон удаа хэлэгддэг үгийг “Явцгаая, Бурханы алдрыг харцгаая” гэж хэлэв.
Тэнгэрийн улсын сүр хүчит, яруу алдарт цог жавхлан намайг дүүргэв. Тал талаас цацрах яруу алдарт гэрэл миний биеийг нэвтлэн дүүргэхийг би харав. Тэр гайхамшигт газрын гоо үзэсгэлэн, аз жаргалыг хүн өөрийн нүдээр үзэхээс нааш дүрслэн илэрхийлэхийн аргагүй.
Яг тэр мөчид хэн нэгний хэлсэн үгс санагдаж байв.
Тэнгэрийн улсын гэрэл бол
Есүсийн царай
Тэнгэрийн улсын баяр хөөр бол
Есүсийн оршихуй
Тэнгэрийн улсын эв нэгдэл бол
Есүсийн магтаал
Тэнгэрийн улсын сэдэв бол
Есүсийн ажил
Тэнгэрийн улсын ажил бол
Есүсийн үйлчлэл
Тэнгэрийн улсын цогц бол
Есүс өөрөө юм.
Тэнгэр элчтэй хамт явж байхдаа би хаа сайгүй баяр хөөр, амар тайван, аз жаргалыг мэдэрч байсан. Би дэлхий дээрх гэр бүлийнхнийхээ талаар бодож байтал тэнгэр элч миний бодлыг мэдэж байх шиг санагдсан. Тэр “Чамд Бурханы өгсөн даалгавар бий. Чи дэлхийд энэ газрын тухай хэлэх хэрэгтэй. Бурхан чамд тэнгэрийн улсын зарим хэсгийг үзүүлнэ. Явж, Бурханы алдрыг харцгаая” гэв.
Биднийг очих газраа хүрэхэд Бурханыг магтан дуулж буй олон хүмүүсийн дууг сонсов.
Тэнгэрийн улсын гайхамшигт дуу хөгжим миний сэтгэлийг хөдөлгөж, тэнгэрийн улсын серафим, ариун хүмүүсийн тасралтгүй үргэлжлэх магтан хүндэтгэлийн дуу өргөн их уудам газар сүр жавхлантайгаар цуурайтан эгшиглэсээр байсан.
Хаан ширээнд дөхөн очихуй
Миний сэтгэл баяр хөөрөөр өргөгдөж хязгааргүй их баяр жаргалыг мэдрэв. Бурханы хаан ширээнд дөхөн очиж байгааг би мэдсэн.
Намайг дагуулан явж байсан тэнгэр элч Хаан ширээнээс хол зайтай зогсоход тэнд болж байгаа бүх үйл явдлыг бүхэлд нь харж чадах боломжтой болгов. Би Иоханы Илчлэлт номонд дүрслэн хэлсэнчлэн үйл явдлыг харсан.
"Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дуут сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ."
(Илчлэлт 5:11)
Дэлхий минь ээ, Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст юу бэлдсэнийг чи мэддэг ч болоосой!
Намайг өмнөө болж байгаа үйл явдалд бүрэн автагдахад бүр ч их гайхалтай зүйлс болж эхлэсэн. Бурханыг магтаж буй мянга мянган дуу хоолойнууд нүргэлэн цуурайтав. Дараа нь гайхамшгийн дээд гайхамшиг болсон. Тэнгэр элч надад миний үргэлж харахыг хүсдэг байсан зүйлийг, Хаан ширээг харуулсан.
Бурханы сүр жавхлант хаан ширээ
Бурханы хаан ширээ өндөрт өргөмжлөгдсөн байсан. Түүний сууриас Амийн ариун, үзэсгэлэнтэй гол урсан гарч байсан. Бурханы алдар хаан ширээг дүүргэж байсан. Хаан ширээг тойрон аянга цахилгаан, нүргэлэн цуурайтах дуу чимээ шиг зүйл гарч байсан. Иохан тэнгэрийн улсын илчлэлтэндээ:
"Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон Сүнс болох долоон дэнлүү сэнтийний өмнө асаж байв"
(Илчлэлт 4:5) гэж хэлсэн.
Хаан ширээн дээр болон эргэн тойронд нь нум хэлбэртэй солонго “... маргад эрдэнэ мэт...” (Илчлэлт 4:3). харагдаж байсан. Солонгын гайхамшигт туяа олон өнгийн гэрлээр цацран хүчтэй нүд гялбам гэрлийг бий болгож байв.
Дэлхий дээр ийм зүйлийг би урьд өмнө хэзээ ч харж байгаагүй. Олон өнгийн хурц тод гэрлүүд хүч чадал, сүр жавхланг илтгэж байсан. Хаан ширээнээс гайхамшигтай гэрэл цацран гийж байсан. Түүнээс Бурханы алдрын туяа цацарч байсан. Тэнгэрийн улсад маш олон зүйл тунгалаг юм шиг харагддаг, гэхдээ хаан ширээнээс гарч буй энэ гэрэл туяанууд бүх л газрыг дүүргэн гэрэлтүүлж байсан!
Тэнд би хир удаан байснаа мэдээгүй, гэвч би алмайран зогсож байсан. Энд хичнээн хүн байгаа, бас дэлхийгээс хичнээн хүн ирэхийг би бодож байсан. Бурханы ариун чанар, Түүний сүр жавхлангийн ариун байдал, Түүний Үгийн төгс төгөлдөр байдлыг би бодож байсан. “Өө, Бурхан минь ээ, Таны сүр жавхлан, Таны дээд оршихуй, Таны хүч чадал ямар агуу вэ” гэж би хашгирч байсан.
Дараа нь Эзэний тэнгэр элч надад “Явцгаая. Тэнгэрийн улсад чамд үзүүлэх юм зөндөө байна” гэж хэлэв.
Тэмдэглэлийн өрөө
Би тэмдэглэлийн өрөөг хараад үнэхээр гайхан бахдсан. Тэнгэр элч надад энэ өрөөнд Бурханы нэрийг алдаршуулан өргөж байгаа дэлхий дээрх сүм цуглаан болгонд, гэр бүл болгонд болж буй үйл явдлыг тэмдэглэдэг гэж хэлэв.
Бурхан бас түүний хүслээс гадуур явж байгаа тэдгээр хүмүүсийг тэмдэглэдэг. Тэнгэр элч надад бас сүм цуглаанд хүмүүс хандив, мөнгөө ямар хандлагатайгаар өгч байгааг тэмдэглэж байгааг харуулсан. Тэр надад олон хүн мөнгөтэй боловч Эзэний ажилд зориулан өгдөггүй гэж хэлсэн.
Энэ үед надад Есүс Эзэн нэгэн удаа сүмд очихдоо хүмүүс хандив өргөлөө хэрхэн өгч байгааг анхааралтай харж байсан тухай санагдаж байсан:
"Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв. Олон баячуул их хэмжээгээр нь хийж байлаа. 42 Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ. 43 Есүс Өөр уруугаа шавь нараа дуудаад
— Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө. 44 Яагаад гэвэл хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн. Харин энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж айлдав."
(Maрк 12:41-44)
Тэнгэр элч надад тэмдэглэлийн өрөөнөөс гадна маш олон зүйлийн тухай илчлэн харуулсан. Тэр намайг тэдгээр бүх зүйлийн тухай дахин санаж бичихийг хэлсэн. Тэр хэлэхдээ олон зүйл чиний хувьд нууцлаг юм шиг ойлгомжгүй байх болно (1 Коринт 13:12), гэвч тэдгээрийг дахин санаж, дэлхийд энэ тухай хэлээрэй гэж онцолж байсан.
Биднийг тэнгэрийн улсын өөр нэг хэсэгт ирэхэд бид нэгэн урт корридороор явсан. Хананууд нь маш өндөр, саарал төмрөөр хийгдсэн юм шиг харагдаж байсан. Тэнд Бурханы магтаал тасралтгүй урсч байсан. Хананаас ойх гайхамшигтай гэрэл туяаг хараад би гайхан алмайрч байсан. Би зогсоод “Энэ юу вэ?” гэж асуув. Энэ корридор хэдэн мянган бээр урт, төгсгөлгүй үргэлжлэх юм шиг санагдсан.
Бурханы агуулах өрөө
Надад энэ бүхнийг харуулж байсан тэнгэр элч “Хананы дээд хэсэг уруу хар” гэв. Тийшээ харахад “Агуулах өрөө” гэж бичсэн байв. “Энэ ямар учиртай өрөө вэ?” гэж асуухад тэнгэр элч энэ бол Бурханы хүмүүст зориулсан ивээлүүдийг хадгалдаг өрөө гэж хэлсэн!
Тэнгэрийн улс бол төгс ариун газар юм. Бурхан өөрийн хүмүүсээ тэнгэрийн улсын орчныг таалаасай гэж хүсдэг учраас тэднийг ариусгахыг хүсдэг. Тэнгэрийн улс бол баяр хөөрөөр дүүрэн газар бөгөөд Бурхан дэлхий дээрх өөрийн хүмүүстээ баяр хөөрийг өгөхийг хүсдэг. Тэнгэрийн улс бол мөнхийн эрх чөлөөтэй газар бөгөөд Бурхан дэлхий дээр байгаа өөрийн хүмүүстээ чөлөөлөлтийг өгөхийг хүсдэг. Тэнгэрийн улс төгс нэгдэл бөгөөд Бурхан өөрийн хүмүүсээ дэлхий дээр эдгээхийг хүсдэг. Тэнгэрийн улс бол төгс хамгаалалттай газар бөгөөд Бурхан дэлхий дээр байгаа өөрийн хүмүүсээ бат найдвартай, хамгаалалттай байхыг хүсдэг. Тэнгэрийн улс бол үр жимстэй, үр бүтээлтэй газар бөгөөд Бурхан өөрийн хүмүүсээ дэлхий дээр үр бүтээлтэй байхыг хүсдэг.
Есүс бидэнд “...тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай...” (Maтай 6:10) гэж залбирахыг зааж өгөхдөө Бурхан биднийг дэлхий дээр байхдаа тэнгэрийн улсыг амсаасай гэж хүсдэгийг илчилсэн!
Ариун хүмүүс ээ, Эзэн танд зориулсан ивээлүүдийг хадгалж байна. Тэдгээр ивээлүүд таныг, энэ дэлхий дээр байхдаа тэдгээр ивээлүүдийг тунхаглан, хүлээж авахыг хүлээн тэнгэрийн улсад хүлээсээр байна. Бурхан таныг аврахыг хүсч байна. Тэр таныг чөлөөлөхийг хүсч байна, таныг эдгээхийг хүсч байна. Тэр таныг “бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван...”-ыг (Филипой 4:7) мэдэхийг хүсч байна. Тэр танд “... хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөр...” (1 Петр 1:8) өгөхийг хүсч байна.
Эдгээгч Есүс
“Бурханы алдрыг харагтун” гэж тэнгэр элч хэлэв. Тэнгэр элч алга болоход Есүс миний хажууд зогсож байгааг харсан.
Есүс уруу харав. Тэр миний бодож байснаас өндөр харагдсан. Түүний гэрэлтсэн дээл тансаг, зөөлнөөр намиран харагдаж байсан. Түүний сорвитой хөл сандаалных нь цаанаас харагдаж, түүний нүүр царай, үс үзэсгэлэнтэй, цог жавхлантай харагдаж байсан.
Түүн уруу харж байхдаа би “Есүс ээ, энэ өрөөнүүд ямар учиртай вэ?” гэж асуусан.
Эзэн надад юу ч хэлээгүй, тэр гараа өргөн хана уруу чиглүүлэн заасан. Яг тэр үед ханан дээр том цоорхой гарч ирсэн. Энэ цоорхой нүхний эргэн тойронд алдар, хүч чадлын гэрэл цацарч байсан (орч. тэнгэрийн улсын цонхыг хэлсэн бололтой). Энэ зүйл тэнгэрийн улсын бусад бүх зүйлүүдтэй адил Бурханы алдрыг гэрэлтүүлэн харуулж байсан. “Эзэн минь ээ, энэ юу вэ?” гэж би уулга алдсан.
Тэр надад “Охин минь, энэ бол миний хүүхдүүдэд зориулсан зүйл. Энэ бол зөвхөн надад итгэх гэм нүгэлтэй хүмүүст зориулсан зүйл. Би тэднийг бүтэн болгохын төлөө нас барсан.”
Түүний нүд уруу хараад Тэр өөрийн хүмүүсээ “тэр бол Есүс Христ бөгөөд биднийг бүтэн болгохын тулд нас барсан” гэдгийг хэлэхийг хүсч байгааг ойлгосон. Есүс “Дэлхий дээрх хүмүүсийг эдгэрэл хүлээж байна. Дэлхий дээр гайхамшиг, эдгэрэл болох агуу өдрүүд ирж байна” гэж хэлсэн.
Тэр цааш нь “энд чиний нүд гүйцэж үл харж чадах агуулах байшингууд байгаа. Энд байгаа ивээлүүд зөвхөн итгэсэн нэгэнд очихыг хүлээн байсаар байна. Хүн зөвхөн “Би бол Эзэн Есүс Христ бөгөөд энэ бүгдийг хийж чадна гэдэгт итгэж, миний бэлгүүдийг хүлээн авах итгэлтэй байх хэрэгтэй. Чи дэлхий дээр очихдоо үүнийг хэлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэр онцлон “эдгэрлийг хийж байгаа нь чи биш харин Би Эдгээгч. Миний Үгийг хэлж залбир, тэгээд би эдгээх болно. Намайг эдгээнэ гэдэгт итгэ” гэж хэлсэн.
Би “Бурханыг магтъя. Халлелүүяа. Есүс тандаа баярлалаа” гэж хашгирав. Есүс гараа доош буулгахад ханы цоорхой эргээд битүүрсэн.
Дараа нь тэнгэр элч бид хоёр өөр нэгэн газар уруу маш хурдтайгаар явсан. Тэнд бас л Бурханы хүмүүсийн сүр жавхлант магтаал, дуу хөгжим сонсогдож байв. Тэнгэр элч надад “Охин минь, Эзэн надад хэд хэдэн зүйл чамд харуулахыг тушаасан. Тэдгээр зүйлүүдийн тухай дэлхийд хэлээрэй” гэж хэлэв.
Үргэлжлэл бий ...